Ж.Мөнхбат шиг эх орондоо ирээд шалгуулах зориг Нямбаатарт байна уу?

Ж.Мөнхбат шиг эх орондоо ирээд шалгуулах зориг Нямбаатарт байна уу?

Эрүүгийн хуулийн 22.1-ээр шалгуулж эхэлсэн Хотын дарга асан Х.Нямбаатар үнэн хэрэгтээ оргон зайлсан ч өөрийгөө "Канадад сурч буй" дүрээр халхавчилж суугаа.

Яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учир интерполоор ч эрэн сурвалжлах боломжгүй учир түүний хувьд Канадаас үе үе агсамнаж суудаг ажилтай болсон. 

Гэвч түүнийг эх орондоо ирж эр зоригтойгоор шалгуулж чадах эсэхийг олон нийт асууж байна. 

Нэгэн цагт УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний гэх хэрэгт холбогдож, түүнд хэрэг үүсгээ ч үгүй байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж байсан  түүх бий. Энэ бол 2023 оны 02-р сарын 01. 

Тэрээр, тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан "Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг хуулийн байгууллагаас шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна" хэмээн өргөдөл бичээд гишүүнээсээ бууж байв. 

Ингээд ээжийгээ эмчлүүлж, гадагшаа явсан хойгуур нь түүнд хэрэг үүсгэсэн байдаг. Харин Ж.Мөнхбатын тухайд гадаадад хоёр жил орчим амьдарсны эцэст хууль шүүхэд нийт таван удаа хүсэлт гаргаж "өөрийн хүсэлтээр очиж шалгуулахад бэлэн" гэдгээ илэрхийлснээр эх орондоо ирсэн талаар өмгөөлөгч нь ярьсан байдаг.

Харин түүнийг нүүрсний хэрэгтэн мөн эсэхийг хууль дэнслэх нь цаг хугацааны асуудал. Юутай ч тэр чөлөөлөгдөж нэг зориг гаргасан, эх орондоо ирж хоёр дахиа зориг гаргаж. 

Яг ингэж хууль, хяналтынханд саад болохгүйгээр өөрөө хүрч ирээд шалгуулчих зориг Х.Нямбаатарт чухам байна уу? 

Түүнийг Хотын орлогч асан Т.Даваадалайтай нь холбоотой хэргээр шалгаж буй. Гэвч тэр энэ сургийг сонсмогцоо л Канад руу "зугтсан" нь үнэн. 

Уг нь Канадаас өөрийгөө өмөөрч, буруугүй хэмээн хашгирч суухын оронд үнэхээр буруутай үгүйгээ ирээд л шалгуулчихвал түүнд сэтгэлийн зовлон, амьдралын тарчлаан багатай баймаар. Тэгээд ч хууль хяналтын байгууллагаас дуудсан цагт ирж тайлбар өгөх, шалгуулах нь төрийн түшээ байсан хүний үүрэг, хуулийн сайд байсан хүний хувьд хууль дээдлэх зарчим, хариуцлага байх ёстой юм. 

Түүний нэгэн адил гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах зориг бий эсэхийг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас ч асуух нь зүйн хэрэг. Саяхан Л.Энх-Амгалан сайд Д.Амарбаясгаланг "гишүүнээсээ түдгэлзэж байгаад Бор тээгийн асуудлаа шалгуулчих л даа" хэмээн мэдэгдсэн.

Үнэндээ өөрсдийгөө буруугүй, гэмгүй хэмээн хаацайлж, гишүүний бүрэн эрхийн ард нуугдаж суухын оронд түдгэлзээд шалгуулчих нь хууль тогтоогч хүний хамгийн чухал ёсзүй баймаар...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.