С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болголоо

78

Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч  хуулийг соёрхон баталсан. Уг хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах өдөрлөгийг өнөөдөр /2024-05-22/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте нар үг хэлсэн бөгөөд өдөрлөгт НЭМҮТ, ЭМХТ, ЭМДЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүд, үндэсний төвүүд оролцож иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-т иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан ч энэ тухай төр ч, эрүүл мэндийн байгууллага ч, эмч ч ярьдаггүй. Таны эрүүл мэндийг эмч, эмнэлэг хариуцна гэсэн олон жилийн буруу хандлагыг өөрчлөх нь өнөөдөр нээлтээ хийж буй “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн гол зорилгын нэг гэдгийг тодотгоод “Иргэний эрүүл мэндийг хамгаална гэдэг хоёр талтай асуудал. Нэг тал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөгөө тал нь эмнэлгийн тусламж үйлчилгээ. Гэвч бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулаад зөвхөн өвчилсөн хойно нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч асар их цаг хугацаа, хөрөнгө хүч зарж ирсэн.

Бусад орнуудын туршлагыг харахад эрүүл мэндийн салбарынхаа хөрөнгө санхүүгийн дийлэнх хэсгийг нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд хуваарилдаг бол манайд 20 орчим хувийг л энэ чиглэлд зарцуулдаг нь өндөр хөгжилтэй улс орнуудын жишгийн урвуу яваад байгаа юм.
Мөн Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн 2 төрөлтэй байна гэж заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн юм билээ.
Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг боловсруулан УИХ-аар батлуулсан. Хууль 4-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан” гэв. 

Хуультай болсноор хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болж, улмаар Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэх бөгөөд  эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамруулах боломжтой болж байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амын 42 хувь нь хамрагдсанаас 77,9 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Хүн амд эрүүл дадал, хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих,  эрүүл мэндийн боловсрол олгох нь зөвхөн эрүүл мэндийн салбарын үүрэг биш бөгөөд хувь хүн, албан байгууллага, нийгмийн салбар бүрийн анхаарах асуудал гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцлон бүх нийтэд эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаланте  “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам цар тахлаас хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн төвтэй байдлаар иргэдэд илүү ойртуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг ДЭМБ өндөр үнэлж байгаа” гээд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгож, энэ чиглэлийн тусламж үйлчилгээг бэхжүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой үр дүнтэй гэдгийг тэмдэглэсэн.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. Энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийн  дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болсноор Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэж, эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах боломжтой болж байгааг өдөрлөгийн үеэр иргэдэд танилцуулсан.
Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022-2024 оны тавдугаар сарын байдлаар нийт хүн амын 42.0 хувь нь хамрагдаснаас 77,9 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 5797 иргэнд илэрсэн бөгөөд анх оношлогдсон хорт хавдар 371 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ходоодны хорт хавдар 154, элэгний хорт хавдар 110, улаан хоолойн хорт хавдар 49, бөөрний хорт хавдар 13, хөхний хорт хавдар 8, уушигны хорт хавдар 8, умайн хүзүүний хорт хавдар 6, бусад байрлалын хорт хавдар 23  тохиолдол тус тус оношлогдоод байна.

Мөн халдварт бус өвчний гол шалтгаан болсон зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь хүн амын дунд “чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрч, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг  байна. Түүнчлэн 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их гэсэн судалгаа гарсныг холбогдох албаныхан хэлж байлаа.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн ач холбогдлыг иргэдэд таниулах мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг орон даяар хэрэгжүүлж байгааг хэлсэн. Тэрбээр, “Бид энэ удаа нийслэлийн төв талбайд энэхүү өдөрлөгийг эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байна. Өвчлөхгүй эрүүл байх боломж иргэн бидний гарт байдаг гэдгийг ойлгуулахад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зорилго оршино” гэсэн юм.  

Өдөрлөгт ирсэн хүмүүст ЭМЯ-ны харьяа газрууд, үндэсний томоохон төвүүд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үйл ажиллагаагаа сурталчлахын хамт зарим төрлийн үзлэг оношилгоог хийж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл амьдралын хэв маягийг дадал болгоход чиглэсэн мэдээллийг өгч байв.  
Тухайлбал, ХӨСҮТ-ийн баг гепатит B, C, D вирус, ДОХ, бэлгийн замын өвчлөл, сүрьеэгийн үзлэг оношилгоо хийж байгаа тухай тус төвийн дэд захирал О.Батбаяр “Өглөөнөөс хойш түргэвчилсэн оношлуураар ДОХ, тэмбүү, гепатитын шинжилгээ хийхэд зургаан хүнд B, C вирус, хоёр иргэнд тэмбүүгийн тохиолдол илэрсэн. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн жилийн хүрээнд иргэд халдварт болон халдварт бус өвчний шинжилгээг зайлшгүй өгч, эрт илрүүлэгт хамрагдах шаардлагатай” гэж байв.  
Мөн ХСҮТ-ийн эмч Т.Ундармаа “Элэг болон умайн хүзүүний хавдраас 100 хувь сэргийлэх боломжтой. Эдгээр хавдраас вакцинаар сэргийлдэг. Тухайлбал, умайн хүзүүний хавдрын үүсгэгч нь хүний папиллома вирус, ходоодны хавдрыг хелико бактер, элэгний хавдрыг B, C, D вирус үүсгэдэг. Иймд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр эдгээр халдвараас сэргийлэх бүрэн боломжтой юм” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа хэлэхдээ “Эрүүл амьдралын дадал, хэвшил хооллолтоос эхэлнэ. Манай төв өнөөдрийн өдөрлөгт  эрүүл хооллолтын зөвлөгөө өгч байгаа. Жирэмсэн эмэгтэй төрөх хүртэл 8-12 кг нэмэх ёстой. Гэтэл 20 кг нэмсэн ээжүүд байдаг. Жирэмслэлт бол өвчин биш учраас хоолоо тохируулж шим тэжээлтэй, зохистой хооллохыг уриалж байна” хэмээсэн юм.
Өдөрлөгийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлуулахад оролцсон хүмүүст талархал илэрхийлсэн. Түүнчлэн ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте нар Дэлхийн усны өдрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Ус ба Энхтайван” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан авьяаслаг хүүхдүүдэд шагнал гардуулав. Мөн эрүүл мэндийн элч Энхээ, Мэндээ хоёр бяцхан хүүхдүүдийн танил Аами, Таами найзын хамт эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл байхын ач тусын талаар сурталчлан танилцуулж байлаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here