Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын талуудын 27 дугаар бага хурал Египет улсын Шарм-эль-Шейх хотноо болж байна.Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ талаар Уур амьсгалын өөрчлөлт хөгжил академийн гүйцэтгэх захирал З. Батжаргалтай ярилцлаа.
Сур: Энэ удаа болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын 27 дугаар чуулга уулзалтын онцлог нь юу вэ?
-З.Батжаргал:Энэ удаагийн хуралд манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хүмүүс оролцож байна. Төр, Засгийн тэргүүнүүдийн уулзалтаас гадна техникийн хэлэлцүүлгийн төвшинд манайхаас олон хүн оролцож байна. Хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд Парисын хэлэлцээрээс гарснаас болж, энэ хэлэлцээрийг зарим улс дэмжиж, зарим нь дэмжихгүй байгаа юм шиг ойлгомжгүй байдалд байсан. Харин энэ жил Парисын хэлэлцээрээс гарсан улсууд буцаж орсон учир энэ жилийн хэлэлцээр нааштай байна. Гол асуудал юу вэ гэхээр нээлттэй хурлын үеэр бага хурлын шинэ дарга, Уур амьсгалын конвенцийн гүйцэтгэх захирал, Засгийн газар хоорондын шинжлэх ухааны дарга нар цаг уурын дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх асуудлыг онцоллоо. Өнгөрсөн жилийн Парисын хэлэлцээрийн үеэр хоёр хэм байсныг 1.5 болгох талаар ярилцсан. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцсон. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цаг уурын дулаарал 1.5 хэмд хүрэхгүй байх гэхдээ хоёр хэмээс буурч, 1.7 хэм байх нь гэдэг зүйлийн онцолж байна.
Сур: Манай улсын хувьд цаг уурын дулаарлын талаар ямар байр сууринаас хандаж байгаа бол?
З. Батжаргал: Манай улсын хувьд нүүрснээс бүрэн татгалзаж чадаагүй үед дээрх тоонд хүрнэ гэдэг бол амаргүй. Ярих амархан ч, хийхэд хэцүү. Тиймээс аажмаар татгалзах талаар тохиролцоонд хүрсэн. Мөн нүүрстөрөгчийн давхар ислийн тухай түүнтэй дүйцэх хийн тухай ярьдаг байсан бол одоо метаны талаар ярих боллоо. Метан бол маш эмзэг асуудал. Малын тоо толгой өсөж, хөлөгт намаг ширгэж байгаа үед метан маш аюултай. Энэ мэт нарийн асуудал энэ хурлаа яригдана. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол улс төрийн шинжтэй асуудал биш. Манайхан одоохондоо үүнийг хүлэмжийн хий шингээх талаас нь ярилцаад байна. Энэ бол дасан зохицох маш чухал арга хэмжээ болж байна. Тэрбум мод хөдөлгөөний зорилт биелэвэл, хүлэмжийн хийг шингээх амлалтаа биелүүлэхээс гадна цөлжилтийн эрчмийг сааруулна.
Сур:Ирэх долоо хоногт техникийн хэлэлцээр болох юм билээ. Манай талаас үүнд ямар асуудалд анхаарал хандуулж байна вэ?
З.Батжаргал:Энэ хуралд шийдсэн асуудлыг хэлэлцэх бус, шийдэх гэж байгаа асуудлыг ярилцах юм. Монгол Улс бол бүх асуудалд оролцох боломжгүй. Бид дасан зохицох асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Усалгаагүй газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай манайх шиг улс үүнд анхаарахаас аргагүй. Усны асуудалд бид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Малын тоо толгой өсөж, уул уурхай, дэд бүтцээс хамааралтай байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шинжлэх ухааны маргааны асуудал биш. Улс орны эдийн засаг, нийгмийн том асуудал.