Авлигатай тэмцэх нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болжээ

89

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо  2022 оны 12-р сарын 06-12-ны өдрүүдэд болсон Авлигын эсрэг Олон улсын чуулган нь “Авлигыг устгаж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалъя” сэдвийн дор боллоо. АНУ-ын Засгийн газрын зохион байгуулсан энэхүү чуулганыг  IACC-ийн зөвлөл, Transparency International байгууллага хамтран зохион байгуулсан юм. Уг хуралд дэлхийн 120 гаруй орны 2000 гаруй хүн биечлэн оролцож, 1000 гаруй хүн цахимаар оролцсон юм. Монголын талаас УИХ, Засгийн газрын төлөөлөл, Хууль зүй,Дотоод хэргийн яам, АТГ, Нээлттэй нийгмийн хүрээлэн, хэвлэл мэдээллийн төлөөлөл  гээд 20-иод хүн оролцлоо.  80 орчим салбар хуралдаанаар авлигын хэрэг нь технологийн дэвшлийг ашиглаж, хэрхэн цар хүрээгээ тэлж байгаа, ардчилалд аюул занал учруулж ,хүний үндсэн эрхэд маш ноцтойгоор халдаж, хөгжил дэвшлийг  нийтээр нь боомилж, улс орнуудыг ажилгүйдэл, ядуурал руу түлхэж  байгаа бодит байдлын талаар улс орнууд өөр өөрсдийн тохиолдолууд дээр ярилцлаа.  Ялангуяа ковидын дараах эдийн засгийн хүндрэл түүнд нөлөөлж байгаа авлигын хүчин зүйл, авлигаас үүдэлтэй хорт үр дагаврууд нь улс орны төдийгүй дэлхий нийтийн хөгжил дэвшил, ардчилал, нээлттэй засаглал,ил тод байдалд саад учруулж байна.

“Шүгэл үлээгчдийг хамгаалах нь”

Хүний эрхийг хамгаалж, шударга бусыг илчилж, авлигатай тэмцснийхээ төлөө хүний эрхийг хамгаалагчид, шүгэл үлээгчид сэтгүүлчид амь насаа хүртэл алдах хэмжээнд эрсдэл үүрч байна. Авлига, шударга бус зүйлийг таслан зогсоохын төлөө тэмцснийхээ төлөө  жилд 300 орчим сэтгүүлч ял авч шоронд орж байгаа нь ардчилалд учруулсан аюул юм. Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн бүлэглэл ямар ч хариуцлага хүлээдэггүй, ял эдэлдэггүй. Мөрдөн шалгах ажил нь удааширч, хэрэг нь буцдаг. Шүгэл үлээгчид болон сэтгүүлчдийн амыг барих, чимээгүй болгох маш олон арга хэрэглэдэг. Үүнд их хэмжээний мөнгө зарцуулах явдал ч байна. Сурвалжлага,нийтлэлийг гаргуулахгүй байхын төлөө их мөнгө төлөхөд ч бэлэн байдаг. Үүнээс болж сэтгүүлчид хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрдэг. Хэвлэл мэдээлэл нь хараат байдалд ордог.Авлигатай тэмцэх нь өөрийнхөө амь нас, ажил орлогоо алдах төдийгүй гэр бүл ойр дотныхоо хүмүүсийг эрсдэлд оруулсан маш хүнд хэцүү ажил болоод байгааг авлигын эсрэг тэмцснийхээ төлөө амь насаа алдсан олон сэтгүүлчдийн эмгэнэлт жишээ харуулж байна.   Хууль бус авлигын хэргийг хууль ёсны дагуу болгохын тулд эрх баригчид, хууль тогтоогчдод нь нөлөөлж хуулиаөөрчилдөг. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байна.

“Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо”

Авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах гол үүрэгтэй хүмүүс бол иргэний нийгэм байдаг. Тэдний дуу хоолой нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь Орос,Шри ланк зэрэг улсад иргэний нийгмийн дуу хоолойг боомилсон маш олон тохиолдолууд гарч байна. Өнөөдөр иргэний нийгмийнхэн маань тус тусдаа үйл ажиллагаа явуулж хүчээ тарамдуулж байна. Цаашид иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж нэг зүйлийн төлөө хүчээ нэгтгэвэл илүү үр дүнд хүрнэ. Авлигатай ганцаараа тэмцээд амжилтанд хүрч байсан тохиолдол байхгүй. Тиймээс авлигатай тэмцэх аргаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Тухайн улсын авлигатай тэмцэхэд иргэний нийгэм болоод хууль хүчний байгууллагын хүчин мөхстөх тохиолдол ч байна.  Энэ тохиолдолд олон улсын байгууллагууд ч туслах ёстой. Энэ чуулга уулзалтын хүрээнд ч эрэн сурвалжлах сэтгүүлчид, иргэний нийгмийнхэний авлигын эсрэг хийх тэмцэлд зориулж тодорхой санхүүжилт гаргах ёстой гэсэн байр сууриуд гарч байлаа. Авлига хүний эрх хоёр хоорондооо нягт холбоотой. Авлигатай тэмцэх нь хүний эрхийг хамгаалж байгаатай адилхан юм.Иймээс авлигатай тэмцэж хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүсийг дэмжих ёстой. Тодорхой улсуудад нутгийн уугуул иргэдийг газар нутгаас нь хүчээр хөөж гаргасан үйл явдлын цаана  эрх баригчдын нь маш том авлигын асуудал байх жишээтэй. Зарим улс орнууд хүний эрхийг хамгаалагчидаа хил гаалиар нэвтрэхийг ч хориглосон байх жишээтэй. Хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчдэд өмгөөлөл үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудад ч дарамт шахалт ирэх  тохиолдол байдаг.

“Уур амьсгалын өөрчлөлт ба авлигал”

Бидний амьдарч байгаа дэлхийн цаг агаарын өөрчлөлт болон эдийн засгийн өөрчлөлттэй тэмцэх  хэмжээний мөнгийг авлигал биднээс хулгайлжээ.Корпарацийн ил тод байдлыг хангах тухай хуулийг  АНУ баталсан. Амьд үлдэх гэж тэмцэж, тэсэж ядаж байгаа дэлхийдээ дэд бүтэц бий болгох, тэгш бус байдлыг арилгах, гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг асуудлыг шийдэхэд авлигатай тэмцэх нь чухал байна.  Гэтэл энэ бүх бусармаг зүйлсийг хийхдээ худал, зохиомол мэдээллийг хүртэл тарааж олон нийтийг төөрөгдүүлж байна. Бид залуусыг эгнээндээ нэгтгэх ёстой.  Бас эх дэлхийгээ хамгаалах, авлигатай тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал байна. Тэд элдэв нөлөөлөнд автахгүйгээр авлигатай тэмцэж чаддаг…. гэх мэтээр авлигын эсрэг олон улсын чуулганд илтэлүүд тавигдлаа.

Хурлын зохион байгуулагч АНУ-ын зүгээс оролцогчдод хандаж хэлсэн үгийн агуулга:

Авлигын гэмт хэргийг хэн ч үйлдэж болно. Манай удирдагчдаас өгсүүлээд жирийн иргэн ч авлигын гэмт хэрэг үйлдэж болно. Жой Байден ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа үндэсний аюулгүй байдлын асуудалдаа авлигатай тэмцэх асуудлыг оруулсан. Авлигатай тэмцэх асуудлыг улс орнууд өөрийн үндсэн хууль, эрүүгийн хууль, олон улсын гэрээнүүддээ ч оруулах ёстой.Авлигын хэргийг илрүүлээд орхих биш. Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирсон  ял шийтгэл оногдуулах хэрэгтэй. Ингэж байж дараагийн удаа авлигын хэрэг гарахаас сэргийлж чадна.Авлигатай тэмцэж байж л ардчилалыг хамгаална. АНУ-ын засгийн газраас хагас сая долларыг авлигатай тэмцэхэд зориулан зарцуулж байна. Хуулийн цоорхойг ашиглаж, оффшор, охин компаниуд, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан мөнгө угаах, татвараас зайлсхийх хэрэг их  гарч байна.  Эдгээрийн үйл ажиллагааг ил болгох замаар тэмцэх ёстой. Эдгээр компаниудын эзэн буюу эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг ил болгох хуулийг АНУ баталлаа. Гэхдээ энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй байх ёстой. Дэлхий даяар хэрэн тархсан энэ гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн АНУ-ын асуудал биш. Бусад улс орнуудын хууль шүүхийн байгуулагатай хамтран ажиллах хэрэгтэй. Их гүрнүүдийн Жи-7 -ийн уулзалтаас бас авлигатай улс орнууд хамтран тэмцэх асуудлыг хөндөж ярилцсан.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here