Анх 1961 онд Цацраг туяа эмнэлэг байгуулагдаж, 2006 оноос Хавдар судлалын үндэсний төв болон үйл ажиллагаа нь өргөжсөн Хавдар судлалын үндэсний төвөөр өнгөрсөн онд 150 гаруй мянган хүн үйлчлүүүлсэн. Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоо 2022 онд 6800 орчим бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн хэдий ч нас баралт өмнөх жилийнхээс 300-гаар буурсан. Хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн захирал Н.Эрдэнэхүү танилцуулж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр онцгойлон ойрын үед шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудтай нь танилцан, шийдэх гарц гаргалгааны талаар ярилцсан юм.
Хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгийн барилгыг худалдаж авах асуудлыг Засгийн газарт оруулна
Хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлдэг тус төвийн одоогийн ашиглаж буй цогцолбор барилга 1981 онд ашиглалтад орсоон. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, үйлчлүүлэгчийн тоо өсч буй өнөөгийн нөхцөлд хуучин барилга багтаамж, чанар гээд олон зүйлээр асуудал дагуулж буй учраас шинэ байртай болгох тухай сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч шийдсэн зүйлгүй байгаад Эрүүл мэндийн сайд анхаарч ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ хэлж байлаа.
Мөн үйлчлүүлэгчдээс Хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төв хэрнээ зарим оношлогоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэг хийлгээд ир гэж явуулдаг гэсэн шүүмжлэлийг олонтаа хэлдэг.
Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд шийдэж өгөхөөр С.Чинзориг сайд амлалаа. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой гэж байв.
Тэрбээр төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг төвийн удирдлагуудад өгсөн.
“Медпортал” нэртэй хувийн эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй юм байна. Тус эмнэлэг MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг бөгөөд ХСҮТ CT буюу компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.
Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд тохируулга хийх шаардлагатай
Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа.
Санхүүжилтийн шинэ тогтолцоо эмнэлгүүдэд эмч, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад бие даасан бодлого хэрэгжүүлэх сайн талтай ч тогтолцоо хуучнаараа байхад санхүүжилтийн аргаа шинэчилсэн нь эрүүл мэндийн байгууллагуудад зарим нэг хүндрэл авчирч байгааг засч боловсронгуй болгох шаардлага байгаа талаар С.Чинзориг сайд “Эмнэлгүүд санхүүжилтээ авахын тулд сар бүр үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ шивэлтийг программд хийдэг. Алдаатай шивэх тохиолдол гардаг. Нэгэнт шивэлт хийчихсэн бол түүнийг засах боломжгүйгээс санхүүжилтээ хасуулдаг. Тиймээс хэт хатуу хандалгүй, цаана нь хүний эрүүл мэнд, амь насны асуудал байгаа учрааас программын буруу шивэлт хийсэн бол түүнийг нь буцааж засах боломж олгох уян хатан зохицуулалтыг хийж өгөх ёстой юм” гэсэн.
Шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудал байгааг ч эрүүл мэндийн байгууллагууд ярьж байгаа. Тухайлбал, ХСҮТ шалгуур үзүүлэлт хангахгүй байна гэдгээр химийн эмчилгээний 89.6 хувь, эрчимт эмчилгээний 92.5 хувийн санхүүжилтээ хасуулсан гэдгийг тус төвийн захирал танилцуулсан.