Мөнхөд гэрэлтэх зам

455

2020.12.17  Цас ороод хоножээ. Гэхдээ нэвсийсэн энэ их цасан дээр хүний мөр ховорхон. Тэнгэр бүүдгэр, гудамж эль хуль, нам гүмхэн. “Юу юугүй он гарах нь гээд л өдийд ёстой пижигнэж байдаг сан” гэж  бодох зуур “Улсын онцгой комиссоос анхааруулж байна” гэж цагаан хоолойгоор зарлах нь элдэв бодлыг сарниана. Монголчууд нийтээрээ цар тахлын түгшүүрт автаж, сайн мэдээний мөрөөсөл болчихсон, зурагтаа л ширтэж суусан тэр л зэвэргэн үед “Улсын Нэгдүгээр төв эмнэлэг бөөрний чулууг лазераар эмчилдэг боллоо. Өнөөдрөөс эхлээд гадаад явах шаардлагагүй” гэдэг мэдээ олон хүний санааг амрааж, сэтгэлд нь гэгээ татуулсан юм. Коронавирусийн халдвар дотоодод тархаж, Монгол улс хилээ хааснаас хойш 1 сарын дараа болсон энэ үйл явдал ялангуяа, урд хөрш рүү явах мэс заслын заалттай, тэвдэж явсан олон хүний сэтгэлд хурсан бул хар чулуу, зовлон шаналлыг авч хаясан билээ.

May be an image of 2 people, newsroom, hospital and text

       “ДҮҮЖЛҮҮЛСЭН МЭТ ТЭСВЭРЛЭШГҮЙ”

“Бөөрний чулуутай хүний өвдөлт тэсвэрлэшгүй шүү дээ. Чулууны хэмжээ 7 мм хүрэхээрээ буюу томрохоороо хөдөлж эхэлдэг юм. Шээсний замаа бөглөчихдөг.  Ингээд хүнийг байж суухын аргагүй болтол нь шаналгадаг. “Танай өвчтөн абажурнаас зүүгдчихсэн байвал тэр хүн бөөрний чулуутай гэсэн үг” гэж Оросын анагаахын сурах бичигт бичсэн байдаг юм. Ээ дээ, айхавтар шүү дээ” хэмээн Д.Баян-Өндөр эмч толгой сэгсрэн ярив. Манай улсын бөөрний төрөлжсөн мэс заслын дийлэнх хувийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг хариуцдаг аж. Тус эмнэлэгт жилд дунджаар 3000 орчим хүн хэвтэж эмчлүүлдгийн 25 хувь нь буюу 4 хүн тутмын нэг нь бөөр, шээсний зам, давсагны чулуутай гэж оношлогддог байна.

           “ЧУЛУУГАА ТОМРОХ ХҮРТЭЛ ТЭСЭЭРЭЙ”

May be an image of hospital

“- За, бие нь яаж байна?

-Эмч ээ, үе үе голоос хүнд юм дүүжилсэн юм шиг өвдөөд байна. Хагалгаа наашлуулах арга чарга байхгүй юу?

– Таны бөөрний чулуу хэтэрхий жижигхэн байна аа. Томрох хүртэл нь харзнаж хүлээе. Түүний дараа мэс засал хийе. Үнэхээр тэсэхээргүй бол та Бээжин явах нэг арга байна. Хагалгааны өртөг нь 10 орчим сая төгрөг болно. Танд тийм боломж байгаа юу?

-Хятад эмч нар дахиад лазер аппараттайгаа хүрээд ирэхгүй л байх даа?

– Энэ жил манайд ирж хийж өгөх хагалгааны тоо нь гүйцчихсэн шүү дээ…”

Олон улсад ур чадвараараа гайхагдсан, шилдэг эмч нарын багтай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн үүдэнд одоогоос ердөө тавхан жилийн өмнө ийм яриа өрнөдөг байлаа. “Монголдоо энэ чиглэлийн тусламж үзүүлдэг, хамгийн том төвдөө ойролцоогоор тэрбум орчмын үнэтэй лазер аппаратыг улсын төсвөөр аваад өгөөч” гэж тасралтгүй найман жил хүсэлт өгсөн ч нэг ч хариу үгүй. Ингэж л мөнгөгүйн зовлонгоос болж, эмч нарын баг өвчтөнүүдтэйгээ хамт шаналж байхад “Хүрээ Ротари” клубийн хэрэгжүүлсэн олон улсын төсөл бүгдийнх нь  сэтгэлийг цэлмээжээ. Тэд “Бөөр шээсний замын чулуу бутлах лазерын эмчилгээ нэвтрүүлэх төсөл”-ийнхөө хүрээнд  227 мянган америк долларын өртөг бүхий “Бөөрний чулуу бутлах лазер аппарат”-ны төслийг бичиж бодит болгон улмаар хэрэгжүүлж Монголынхоо томоохон эмнэлэгт хандивласан юм. Ингэснээр, мэс засалд орж зовиураасаа салахын тулд хэдэн сар хүлээж тэсвэрлэдэг, эсвэл ар гэрийнхнээ дагуулаад гадаад улсыг зорьдог байдал ул мөргүй арилж, өвчнөө хүндрэхээс өмнө мэс засал хийлгэх сайхан боломж бүрджээ.

May be an image of 4 people
2000 ГАРУЙ ХҮНИЙГ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛГОЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭЭД БАЙНА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, анагаах ухааны доктор, профессор Д.Баян-Өндөр “Сүүлийн үед хүмүүсийн буруу хооллолт, амьдралын зохисгүй хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, бөөр, шээсний замын өвчлөл нэмэгдэж байна. Наад захын жишээ нь, монголчууд халуун ногоотой түргэн хоол их хэрэглэдэг болж.  Шингэн хангалттай хэмжээгээр уухгүй, Д витамины хэрэглээ нь ч бага байна. Дээрээс нь, суудлын ажил, Улаанбаатарын утаа униар гээд амьдралын чанарт нөлөөлөх хортой үр дагаврууд ч нэмэгдсэн шүү дээ. Энэ бүгдээс болоод, бөөрний өвчин жилд 30 орчим хувиар өсөж байгаа тооцоо бий.

May be an image of 1 person, studying, eyeglasses and hospital

2020 он хүртэл бид бөөрний чулууг дурангаар авдаг байсан. Хэрэв чулуу жижиг хэмжээтэй байвал 1 сантиметр хүрч томрохыг нь хүлээнэ. Ажиглана. Эмчлүүлэгчийн маань хүлээх үеийн өвдөлтийг төсөөлөхөд бэрх. Ингээд чулуу томроод ирэх үед нь хүний биеийн гадна талаас хатгаж, шарх үүсгэж авна. Заримдаа нээлттэй мэсэл засал хийнэ. Зовиур ихтэй, ээлжээ хүлээж чадахгүй, яаралтай лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсээ БНХАУ-ын Бээжин хот руу явуулдаг байсан. Мөн тэндхийн эмч нарыг “Аппарат хэрэгсэлтэйгээ манай улсад ирээд мэс засал хийгээд өгөөч” гэж урьдаг байлаа. Бээжингээс эмч нар жилд гурван удаа ирж, нийт 18 хүнд л мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан нь саяхан.

Ер нь, бөөр, шээсний замын чулууг жижиг хэмжээтэй байхад нь л эмчилбэл үр дүнтэй. Төдий хэмжээгээр дахин үрэвсэх, хүндрэх эрсдэлээс сэргийлдэг. Чулуу томрох тусам эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал ч өсөөд явчихдаг. Тухайн хүн хагалгааны дараа дахин чулуутай болох эрсдэл ч нэмэгдэнэ. Удах тусмаа л бөөрний үйл ажиллагааг нь эргэн сэргээх, үрэвслийг нь дарах гээд ярвигтай хүндрэлүүд өсдөг.  Өмнө нь гадаад явах, эсвэл чулуугаа томрохыг хүлээх гэдэг хоёр л сонголттой, ийм л зовлонтой байлаа шүү дээ. Харин одоо аюул ард хоцорсон. Одоогоор бид 2000 гаруй  хүнд хөнөөл багатай аргаар, шинэ аппаратаараа  мэс засал хийгээд байна.

May be an image of speaker and text that says 'STPRL - 0 OLumenis'

Бөөрний чулуу бутлах лазерын эмчилгээний үед хүний биед ямар нэгэн шарх үүсгэхгүйгээр, шээсний сүвээр нь дуран оруулж, маш жижиг хэмжээтэй чулууг ч дотор нь буталдаг. Өдгөө энэ мэс заслыг бид хугацаа алдалгүй, эх орондоо, эрүүл мэндийн даатгалаар, үнэ төлбөргүй хийж байна. Үүнээс илүү тус, буян гэж хаана байх вэ. “Ротари”-ийн гэр бүлийн гишүүддээ, хандивлагчдадаа, халуун сэтгэлтнүүддээ талархаад баршгүй” гэсэн юм.

  “ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛМЭГЦ МЭС ЗАСАЛ ХИЙХ БОЛОМЖ БҮРДСЭН”

“Хүрээ Ротари” клубын хамт олон төслөө хоёр үе шаттай хэрэгжүүлжээ. Тэд 2019-2020 онд УНТЭ-т бөөр, шээсний замд үүссэн чулууг бутлах дээрх лазерийн эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн бол 2023 онд төслийн хамрах хүрээг өргөжүүлжээ. Төслийн энэ үе шатанд 74,800 америк долларын өртгөөр түрүү булчирхайн эмгэгийг илрүүлэх эхо аппарат болон давсагны дуранг нийлүүлсэн байна. Ингэснээр, дан ганц бөөрний чулуу ч гэлтгүй, бөөр, урологийн бүх төрлийн өвчнийг эрт үед нь оношилж, олон улсын жишгээр Монголдоо эмчлэх боломж бүрдсэн юм. Тэрбумаар хэмжигдэх үнийн дүнтэй уг төсөл олон айлд ийнхүү баяр баясал авчирсан түүхтэй. “…Ялангуяа, Монгол эрчүүдэд хамгийн их хүрч, авралын од нь болсон” хэмээн эмч нарын багийнхан талархан ярьсан.

May be an image of 5 people, hospital and text that says 'ፀትህር EHC CHO ERLA 0 酸 Rotary GB'
  ХАРИУЦЛАГА, ИТГЭЛИЙН ҮР ДҮНД БОССОН  5,1 САЯ ДОЛЛАР

“Хүрээ Ротари” клубынхан дээрхийн нэгэн адилаар, Олон улсын Ротари байгууллагын  “Глобал Грант” төслийг бичиж хэрэгжүүлснээсээ хойш  хойш 73 төсөл хэрэгжүүлж, 5,1 сая долларын санхүүжилтийг Монголдоо татжээ.  Үүнээс 225 мянган долларыг нь клубын гишүүд халааснаасаа гаргасан байна. Нэгдүгээр эмнэлэгт хэрэгжүүлсэн лазер аппаратын төсөлд л гэхэд тэд 42 мянган долларыг өөрсдөөсөө хандивлажээ.

“Хүрээ Ротари” клубын 2021-2022 оны Ерөнхийлөгч С.Нармандах “Ер нь, “Ротари”-чууд төслөө яаж хэрэгжүүлдэг вэ гэвэл, клубынхан эхлээд өөрсдөө хандиваа босгодог. Үүний дараагаар олон улсын хамтрагч клубүүдээ олох зарчмаар ажилладаг. Дэлхий даяар тархсан “Ротари”-ийн 1,2 сая гишүүн бий. Энэ хүмүүсийн жил бүрийн татвар хуримтлагдаад явдаг. Үүнээс эргүүлэн, төсөл хэлбэрээр авч, эх орондоо сайн үйлсийг бид бүтээдэг юм. Гэхдээ тухайн төсөл нь ач холбогдолтой, ардаа ямар нэг ашиг сонирхолгүй байх ёстой. Авсан санхүүжилтийг яг л зориулалтаар нь л зарцуулах хатуу шаардлага тавигддаг. 100 мянган доллароос дээш санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэх үед олон улсын аудитын шалгалт ирдэг юм.  Улсын нэгдүгээр эмнэлэгт бөөрний чулуу бутлах лазер эмчилгээний төсөл хэрэгжүүлэхэд тэр шалгалтын баг манай улсад ирсэн. Урологийн эмч хүн ирж үзээд, “Үр дүнтэй, ач холбогдолтой ажил болжээ” гээд, нүдээрээ үзээд, хагалгаанд хамтдаа ороод, үнэлээд явсан. Нэг талаас, “Монголын Ротари”-чууд чадсаар ирсэн, чадаж байна гэж Олон улсаас өгсөн итгэл, нөгөө талаас эмч нартаа энэ аппаратыг л аваад өгчихвөл олон хүний амь аварчих юм байна гэдэг гишүүд, дэмжигчдийн минь   зүтгэл, хандивлагчдын сэтгэл, өнөөдрийн үр дүнг бий болгосон юм. Бид олон нийтийн хандивыг зөв ажилд, сайн үйлд, шударгаар зарцуулж байгаадаа 100 хувь бат итгэлтэй, сэтгэл хангалуун явдаг” гэсэн юм.

May be an image of 2 people, hospital and text that says 'smiths medical . 中团重'

      “МӨНГӨНӨӨС БОЛЖ НЭГ Ч ХҮН ХОРВООГ БИТГИЙ ОРХИОСОЙ”

Мөн тэрээр “38-хан настай цэл залуухан дүү минь олгойн хагалгаагаар хорвоог орхиж байлаа. Зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай, тийм л ховорхон хувь тавилангаар хүний заяаг олчихоод, мөнгөгүйгээс, аль эсвэл, эмч, эмнэлгийн нөхцөл байдлаас шалтгаалж, хагацлын хатууг үүрнэ гэдэг үнэхээр харамсалтай шүү дээ. Ийм зовлонг олон хүн битгий үүрээсэй гэж бодсондоо би клубынхаа эрүүл мэндийн төслүүдийг хариуцаж ажиллахыг зөвшөөрсөн юм. Төслүүдээ англи хэл дээр бичиж, олон улс руу илгээхээс авахуулаад маш их хугацааг зарцуулдаг л даа. Тэглээ гээд би үүнийгээ хүнд хэлээд байхыг хүсдэггүй. “Буян хийж байна, бусдын амьдралд сайн дураараа тусалъя” гэдэг сэтгэлээр л  зорьж хийж байгаа ажил маань учраас арын албанд, чимээгүйхэн хөдөлмөрлөөд явахыг илүүд үздэг.  Ер нь, манай Ротари”-чууд нийтээрээ л “Бид хийчихлээ. Үүнийг хар даа” гээд байдаггүй улс. Магад 50,60 жил өнгөрөөд, биднийг өөд болсны дараа ч хийсэн ажил минь ач тусаа өгсөөр байвал юутай сайхан. “Эмнэлэгт хандивласан аппарат маань ирээдүйд ч мянга мянган хүнийг эмчилсээр байх болно” гэдэг нь л сэтгэл дүүргэдэг юм. Энэ л хангалттай. “Авсан хүний алга тэнийж, өгсөн хүний сэтгэл тэнийдэг юм шүү, охин минь” гэсэн аавынхаа хэлдэг байсан үгийг дандаа санаж явдаг даа” хэмээн инээмсэглэв.  Ингэж ярьсныхаа тэр “Уг нь би ярилцлаганд нэрээ дурдуулмааргүй л байсан юм. Олон хүний хүч шүү дээ. Ганц би ч биш” хэмээн нөгөө л даруухан зангаа харуулсан юм.

Тэд  ажлаа сэтгэлээсээ, чимээгүйхэн л хийж явдаг, ийм л  эгэл баатрууд ажээ.

      “РОТАРИ”-ЧУУД УТГА УЧИР, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа, сайны төлөө сэтгэл дэвссэн 1 сая 200 мянган хүн  уух кофеныхоо мөнгийг бидэн рүү илгээдэг. Үүн дээр халуун сэтгэлт Монголчууд маань хүч хавсардаг.  Мөнгө илүүдсэндээ биш, сэтгэл байгаа учраас л тэгж илүүчилдэг юм.  Ингэж л дэлхийн Ротаричууд Монголын Ротаричуудаар дамжуулан эх орны маань асуудлыг шийдэхэд тусалж байдаг.

“Монголын Ротаричууд шударгаар зүтгэдэг, бүтээдэг, түүчээлдэг, бусдыг уриалан дуудаж, үлгэрлэж чаддаг гэдгээ хангалттай баталж ирсэн учраас л  дараа дараагийн үүд хаалга зөөлнөөр нээгдсээр байгаа нь бахтай. Ийм л гэгээн үйлсэд нэгэн өнөр гэр бүлийнхэн түүчээлсээр 30 жилийг үдэж байна. “Ротарид ашиг хонжоо хайсан хүн байдаггүй юм аа” хэмээн ам бардам хэлж, утга учир, үнэ цэнийг бүтээж яваа тэдний үйлс зорилго, хүрэх холын харгуй дардан байна. Их үйлсийн сүүн зам мөнхөд гэрэлтэнэ.

 Д.Ганзориг

хариулах

Please enter your comment!
Please enter your name here