“Урьхан” Б.Чинбатад үйлчилсэн цагдаа нарыг шалгахын оронд мэдээллийг нийтэлсэн сэтгүүлчдийг мөрдөх нь зөв үү, С.Амарсайхан сайд аа?
“Урьхан” Б.Чинбаттай хамтарч жирийн иргэн В.Ганзоригийг шоронд хийсэн хөрөнгөжсөн хурандаа, цагдаа, шүүгч нарын мафи нэр зүстэйгээ зарлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хууль зүйн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдод цагдааг цэвэрлэх даалгавар өгч, Ж.Болд генерал тэр даруйд нь цагдаад цэвэрлэгээ хийж эхлээд буй. Одоогоор цагдаагийн том албан тушаалтай гурван хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна.
Яг энэ үед Монголын цагдаад нэгэн хачирхалтай үйл явдал өрнөөд эхэлчихлээ. Хөрөнгөжсөн хурандаа нарын нөлөөгөөр “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон “но”-той цагдаа нарыг шалгах даалгавар авсан ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Б хөрөнгөжсөн хурандаа нарыг биш тэдний булхайг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлээд эхэлчихжээ.
Хурандаа Б.Б цагдаа дах рецедивтэй хамссан картелийг баримттайгаар дэлгэсэн сэтгүүлчдийг мөрдөс зүүсэн төрийн цагдаа нараар дарамтлуулаад эхэлснийг мэдсэн үү ЦЕГ-ын дарга Ж.Болд оо?
Урьхан Б.Чинбат гэдэг нөхөр шүүх, цагдаад картел угсарсан гэх мэдээлэл бол олны анхааралд байх ёстой ноцтой өнцөг. Тэр утгаар нь хэвлэл мэдээллийнхэн энэ сэдвийг барьж авч, асуудал хөндсөн нийтлэл, сурвалжлага бэлтгэн хүргэж буй гэдгийг цагдаагийнханд сануулъя.
ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Б сэтгүүлчдээс гадна хохирогчдын өмгөөлөгч нарыг ч дарамтлах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл байна.
Ж.Болд дарга аа, С.Амарсайхан сайд аа та хоёрын цагдаад хийж буй их цэвэрлэгээг хамар дор чинь ажилладаг Б.Б гэдэг хурандаа ингэж сатааруулж байна.
Авлига бол эдийн засагт эргэлдэх ихэнх мөнгийг цөөхөн хэдэн хулгайч луйварчны халаасанд аваачаад хийчихдэг, бүхэл бүтэн улсын иргэдийг бултаар нь ядууруулж туйлдуулдаг асар аюултай гэмт хэрэг.
Хууль хүчинд үүссэн авлигажсан мафийг илчилж шоронгоос шүгэл үлээсэн иргэн В.Ганзориг цагдаатай холбоотой баримтуудыг дэлгэж, түүнийг нь Өдрийн сонин цувралаар нийтэлж буй. Харин тэдгээр баримтыг түмэнд хүргэсэн сэтгүүлчдийг төрийн цагдаа нь “Хөрөнгөжсөн хурандаа нар “Урьхан” Б.Чинбатаас мөнгө авсныг нотлох баримт хаана байна. Гаргаад ир” гэж дарамталж яваа бол бүр гайхмаар.
Нэгэнт хөвөрсөн баримт, нотолгоог ухаж, төнхөж нийгэмд хүргэж буй сэтгүүлчидтэй биш хөрөнгөжсөн хурандаа нартайгаа тэмц, тэднийг шалгахын эрхэм цагдаагийнханд сануулъя. Тэгж байж монгол цагдаа цэвэрлэгдэнэ.
Монгол төрийн цагдаа, шүүгч, прокурорыг халаасалсан гэгдэж буй “Урьхан” Б.Чинбатын луйврыг илчилж бичсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлнэ гэдэг бол рецедив болоод хөрөнгөжсөн хурандаа нарын талд илт үйлчилж буйнх нь маш том нотолгоо.
Нийтлэлийнхээ төгсгөлд ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Б-д дайх нэг үг байна. Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар танд бохир цагдаа нарыг шалгах даалгавар өгсөн болохоос сэтгүүлчдийг дарамтал гэсэн чиг өгөөгүй шүү!
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.