ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ ОХУ-ын талаас Хятадын иргэдэд зориулсан визгүй дэглэмийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ
Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт эхэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд олон улсын тодорхойгүй нөхцөл байдал дунд стратегийн холбоогоо улам гүнзгийрүүлж, олон туйлт дэлхий ертөнцийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаа дахин нотолсон байна.
Энэхүү арга хэмжээг Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байна.
Ши Жиньпин Владимир Путинтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, олон улсын дэг журамд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч хоёр орны харилцаа улам бат бөх болж, ирээдүйн төлөв нь улам тод харагдаж байгааг онцлов. Владимир Путин хариуд нь хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Орос-Хятадын харилцааг улс орнуудын хоорондын харилцааны үлгэр жишээ загвар хэмээн тодорхойлжээ. Энэ нь 2026 оны тавдугаар сараас хойш хоёр удирдагчийн хийж буй анхны биечилсэн уулзалт болж байгаагаараа онцлог юм.
Хоёр талын хэлэлцээний үндсэн сэдэв нь эрчим хүчний зохицуулалт, худалдаа болон технологийн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байв. Тухайлбал, олон жил хүлээгдэж буй "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн төслийн явцыг эрчимжүүлэх, Орос-Хятадын хооронд визгүй зорчих горимыг байнгын болгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
ОХУ-ын талаас Хятадын иргэдэд зориулсан визгүй дэглэмийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хоёр орны иргэдийн шилжилт хөдөлгөөн болон аялал жуулчлалыг дэмжих чухал алхам болох юм.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь дэлхийн геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буй цаг үед тохиож байна. Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жил хагасын хугацаа өнгөрсөн бөгөөд Ойрхи Дорнодод АНУ, Израиль болон Ираныг хамарсан зэвсэгт мөргөлдөөн эхлээд зургаан сар болж буй үед энэхүү уулзалт болж байгаа юм.
Хятад болон Орос ШХАБ-ыг өрнөдийн орнуудын "Долоогийн бүлэг" (G7) болон АНУ-ын дэлхийн нөлөөллийн эсрэг сөрөг хүчин, олон туйлт дэлхийн төв болгон байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.
Уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нараас гадна ШХАБ-ын гишүүн бус боловч Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүрэлцэн ирсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Путинтай хийсэн тусдаа уулзалтынхаа үеэр Украины дайныг зогсоох бүхий л хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хүн төрөлхтний сайн сайхны төлөө эцэс төгсгөлгүй дайсагналаас татгалзаж, энх тайвныг тогтоох нь чухал болохыг сануулжээ.
Мөн Ираны Ерөнхийлөгч Пезешкиан Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсанаас хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж байгаа юм.
Албан ёсны хэлэлцээ дууссаны дараа удирдагчид Төв Азийн уламжлалт спорт, соёлын өвийг сурталчлах "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-ын нээлтийн ёслолд оролцлоо. ШХАБ-ын 25 жилийн ойн энэхүү дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн орнуудын эв нэгдлийг харуулахаас гадна дэлхийн шинэ дэг журмыг тодорхойлоход Орос, Хятад улсууд голлох үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгааг дахин баталлаа. Цаашид эрчим хүч, аюулгүй байдлын салбарт хийгдсэн тохиролцоонууд хэрхэн хэрэгжих нь олон улсын анхаарлын төвд хэвээр байх болно.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.