Тайрис Халибөртон: Индианагийн төлөө эргэн ирж, хайртай зүйлээ хийж байгаадаа үнэхээр их баяртай байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа
Тайрис Халибөртон 2026 оны 10-р сарын 21-нд Нью-Орлеан Пеликанс багийг хожсоны дараа талбай дээр болон хэвлэлийн бага хурал дээр ярилцлага өглөө. Тэрээр 16 сарын турш бэртэлтэй байсны эцэст эргэн ирж, тоглолтын дараа талбайн сурвалжлагч Жеремиа Жонсонтой ярилцах үедээ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс унагасан юм
Жеремиа Жонсон: Тайрис, эргэн ирсэнд баярлалаа. Энэ урт хугацааны дараа эргэн ирж, ийм ялалт байгуулах ямар санагдаж байна вэ?
Тайрис: "Энд, энэ талбай дээр ахиад зогсож байх минь... үнэхээр их утга учиртай байна. Би зүгээр л... (хэсэг хугацаанд дуугаа хурааж, нулимсаа арчив)... Энэ багийнхаа төлөө, Индианагийн төлөө эргэн ирж, хайртай зүйлээ хийж байгаадаа үнэхээр их баяртай байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа."
Хэвлэлийн хурал дээр сэтгүүлчид түүний сэтгэл хөдлөл болон тоглолтын үеэр юу бодогдож байсан талаар дэлгэрэнгүй асуухад тэрээр ингэж хариулжээ.
Сэтгүүлч: Талбай дээр маш их сэтгэл хөдөлж, нулимс унагаж харагдсан. Энэ мөчийг ийм байх болно гэж төсөөлж байв уу?
Тайрис: "Үнэндээ би мэдэхгүй юм. Энэ мөч ирэхэд маш их сэтгэл хөдөлнө гэдгийг мэдэж байсан ч уйлна чинээ санасангүй. Үнэхээр тэгж бодоогүй. Гэхдээ талбай дээр Жеремиатай ярилцаж зогсохдоо, бас ордонд ирсэн Пэйсерсийн хөгжөөн дэмжигчдийг хараад гэнэт бүх зүйл толгойд орж ирж, өөрийн мэдэлгүй сэтгэл хөдөлчихлөө.
Бид энд (Нью-Орлеанд) сүүлийн таван жил орчим хугацаанд хожиж чадаагүй байсан байх аа? Тэгтэл өнөөдөр намайг эргэж ирэхийг үзэхээр ийм олон Индианагийн хөгжөөн дэмжигчид Нью-Орлеанд цугларсан байхыг харах надад маш их зүйлийг бодогдууллаа. Энэ баг, энэ хот надад маш үнэ цэнтэй. Миний хувьд хайртай зүйлээ ахиад хийж чадаж байгаа минь л хамгийн том бэлэг юм."
Сэтгүүлч: Тухайн мөчид яг ямар сэтгэл хөдлөл чамайг бүрэн эзэмдсэн бэ?
Тайрис: "Зүгээр л 'талархал' гэж хэлмээр байна. Хүнд амьдралыг харах өнцөг, алсын хараа гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Тоглолт эхлээд явж байхад надад бага зэрэг хэцүү байсан. Ядарч байсан, дээрээс нь сайн тоглож чадахгүй, баг маань ч бүдэрч байлаа.
Тэгээд сэлгээний сандал дээр сууж байхдаа нэг зүйлийг ухаарсан. Өмнө нь надад 'Өө, энэ тоглолт хурдан дуусаасай, амьсгаа авч байгаад дараагийн тоглолтод анхааръя' гэж бодогддог үе зөндөө байсан. Гэтэл тэр мөчид би өөрөөсөө ухарч, 'Хөөе, Тайриз, чи талбайдаа эргээд ирчихсэн байна шүү дээ. Чи энд байна!' гэж хэлсэн. Би зүгээр л энэ мөчөөрөө, секунд бүрээр нь амьдарч, байгаа зүйлдээ талархахыг хүссэн юм. Тэр бодол намайг эргүүлээд тоглолтод оруулж чадсан."
Тайрис тоглолтын дараа өөрийн албан ёсны X хуудаснаа мөн: "Ах нартайгаа хамт эргэн тулаанд орсондоо үнэхээр их баяртай байна. Баасан гарагт уулзацгаая, Пэйсерс урагшаа!" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.