Л.Гантөмөр: Бид ордонд 25 мянгаар хоол идэж байхад хүүхдүүд 3000 төгрөгөөр үдийн цай ууж байна
АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүүн Л.Гантөмөр 2027 оны төсөвт тусгасан Оюутолгойн ногдлод ашгийг иргэдийн дансад шууд өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
2027 оны төсөв ер нь тэсрэхэд бэлэн бөмбөг шиг болжээ. Хэзээ ч дэлбэрч мэдэх энэ аюулд Монголын ард түмэн, тэдний амьдрал хамгийн ихээр өртөж байна.
Өнөөдөр монголчуудын 60-70 хувь нь үндсэн орлогоороо амьдрах боломжгүй болж, үнийн өсөлтөд туйлдаж байна. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр л гэхэд лууван, манжин зэрэг хүнсний ногооны үнэ дахин 15-20 хувиар өслөө. Үнийн ийм дарамтад байгаа иргэдийнхээ төлөө Монгол Улсын Засгийн газар, УИХ юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулт өгөхөөс өөр аргагүй цаг үе ирээд байна.
Бид Оюу толгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг яаралтай авч, иргэддээ олгох хэрэгтэй. Ард түмнийхээ амьжиргааг ямар нэгэн байдлаар баталгаажуулж, энэ хүнд үеийг даван туулахад нь бодит дэмжлэг үзүүлэхгүйгээр цаашдын хөгжил ярих боломжгүй.
Иргэд маань өнөөдөр өлсөж, даарч, туйлын хүнд нөхцөлд байна. Наад захын жишээ дурдахад, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал өдөрт ердөө 3000 төгрөг байгаа нь өнөөгийн зах зээлийн ханшаар нэг удаагийн бэлэн хоол авахад ч хүрэлцэхгүй хэмжээ юм.
Гэтэл Төрийн ордонд бид нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг болж байна. Бид цэцэрлэгийн хүүхдийн бүтэн долоо хоногийн хоолны мөнгөөр ганцхан удаа үдийн цай ууж байгаа нь ард түмнээ хагас өлсгөлөн байдалд түлхсэний илрэл юм.
Сургуулийн үдийн цайнд өгч буй ганц боорцгийг бага ангийн хүүхдүүд дунд ангийн ах, эгч нартайгаа хувааж идэж байгаа дүр зураг бодит үнэн болоод байна. Нөхцөл байдал ийм хүндэрсэн учраас залуучууд, оюутнууд, ахмадууд гээд монгол хүн бүрийг яаралтай мөнгөжүүлж, орлогыг нь нэмэгдүүлэхгүй бол амьдрахад улам бүр хэцүү боллоо.
Энэ бол зөвхөн Монголд тохиолдож буй асуудал биш, дэлхий нийтээрээ анхаарч буй чухал сэдэв тул бид ч мөн шийдвэртэй алхам хийх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.