Г.Занданшатар: Сүүлийн зургаан сар над руу дайрч, гүтгэж доромжилсон учраас өмгөөлөгчид маань АТГ-т хандсан

Ерөнхий сайд асан Г.Занданшатар УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т өгсөн талаараа сэтгүүлчдэд тайлбар өгчээ. 

Тэрээр, 

-Сүүлийн зургаан сарын хугацаанд би тэвчээр зааж ирлээ. Намайг бүхий л талаар баримт нотолгоогүй, ор үндэсгүй зүйлээр гүтгэж, "мафийн босс", "алт, хар тамхины хэрэгтэн" гэх мэтээр есөн шидээр хэлж байна. Эдгээр хүмүүсийг алдаагаа ойлгож, уучлалт гуйх болов уу гэж найдан дуугүй явсан боловч сүүлдээ бүр намайг гэмт хэрэгт хэнийг холбогдуулахыг зааж зааварладаг хүн мэтээр ярих боллоо.

Гэтэл ингэж ярьж буй хүмүүс нь өөрсдөө гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд юм. Улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн ийм үйл ажиллагаа нь нэгдүгээрт, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хоёрдугаарт, албаны эрх нөлөөгөө ашиглан бусдад давуу байдал олгох, гэмт хэрэгтнүүдийг хаацайлах, мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулах шинжтэй байна.

Тэд УИХ-ын үйл ажиллагааг гацааж, төр засгийг шантаажлах замаар зохион байгуулалттай бүлэглэлийн шинж чанартай ажиллаж байгаа нь төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэрэг тул Авлигатай тэмцэх газарт (АТГ) хамаарах асуудал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн хүрээнд бие биеэ хамгаалж, хаацайлах замаар мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулж буй улс төрийн нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж байна. Ийм учраас манай өмгөөлөгч, хуульчдын зүгээс эдгээр үйлдлийг хангалттай үндэслэлтэй гэж үзэн АТГ-т хандаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.