Б.Найдалаа: 10 аймгийн дулааны станци барих 350 тэрбумын улсын төсөвт суулгасан. Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлнэ

Арван аймгийн дулааны станц барих төслийн явц болон үүсээд буй нөхцөл байдлын Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас тодруулга авлаа.

Б.Найдалаа:

Энэхүү төсөл нь анх 2018 оноос эхэлсэн байдаг. Гэвч гүйцэтгэгч компани болох БНСУ-ын талын буруугаас шалтгаалан 2024 болон 2025 онд ажил нь явагдаагүй, зогсонги байдалд орсон. Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл дунджаар 47 хувьтай байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, шүүхийн маргаантай асуудлаас болж цаг алдахгүйн тулд төслийг гадаадын зээл тусламжаар биш, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Одоогийн байдлаар Архангай аймгаас бусад буюу 9 аймагт хэрэгжиж буй уг төсөлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгаад байна. Нийт 350 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 150 орчим тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан.

Бид аж ахуйн нэгжийн маргааныг үл харгалзан, төслийг цаг алдалгүй хэрэгжүүлж, 2028-2029 оны өвлөөс өмнө ашиглалтад оруулахаар зорьж байна. 

Төсөлтэй холбоотойгоор олон нийтийн дунд болон зарим гишүүдийн зүгээс авлига, хулгайд алдсан мөнгийг улсын төсвөөр нөхөж байна гэх тайлбар гарсан. Үүнд албан ёсны залруулга өгөхөд, авлигын асуудал нь зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор 2026 оны эхнээс яригдаж эхэлсэн хэрэг юм. Харин төслийн ажил гүйцэтгэгч компанийн асуудлаас болоод 2025 оны эхээр хэдийнэ зогсчихсон байсан.

Тиймээс авлигын хэргийг улсын төсвөөр нөхөж байгаа асуудал огт байхгүй, энэ бол тусдаа асуудал гэдгийг онцолъё. Гүйцэтгэгч "Бексцо Инженеринг" компанийн тухайд БНСУ-ын шүүхээр орж, дампуурлаа зарласан мэдээлэл бий. Бид гадаадын гүйцэтгэгчтэй холбоотой шүүхийн маргаанд гацаж, цаг алдахгүй байх нь чухал байна. Хамгийн гол нь цаана нь байгаа 9 аймгийн дулааны хэрэглэгчдийн эрх ашиг хүлээгдэж байгаа тул Засгийн газар ийм шийдвэр гаргасан.

Санхүүжилтийн эх үүсвэрийн тухайд "Оюу толгой" компанийн ногдол ашгаас гаргахаар төсөвт тусгасан.

Хэдийгээр эх үүсвэр нь ногдол ашиг боловч энэ нь улсын төсвийн тухай хуулиар батлагдаж байгаа учраас улс өөрөө хариуцаж буй төсвийн хөрөнгө оруулалт юм. Өмнө нь Хөгжлийн банкнаас санхүүждэг байсан төслүүдийг улсын төсөвт шилжүүлэн баталдаг байсантай ижил практик гэж ойлгож болно. Өмнөх зээлийн ашиглалтын тухайд нийт зээлийн 42 хувь буюу 62 сая ам.долларыг төслийн хэрэгжилтэд зарцуулсан байдаг.

Харин 169 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт, хүү болон гэрээ хэлцлийн нарийн мэдээллийг Сангийн сайдаас тодруулах нь зүйтэй болов уу. Ямартай ч Засгийн газар богино хугацаанд станцуудыг ашиглалтад оруулахын тулд төсвийн санхүүжилтээр ажлыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.