НДШ-ийн өртэй гэх шалтгаанаар 2-3 сая төгрөгийн өртэй жижиг дунд ААН-үүдийн дансыг шууд хааж байна...

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд НДШ, ААНОАТ зэрэг ихээхэн дарамт болж байна. Дээрх татваруудыг төлж чадахгүй 2-3 сар болоход их, бага өртэй эсэх нь хамаагүй шууд дансыг нь хааж, дарамталдаг болжээ. Уг асуудлаар #Рекорд_сурвалжилга ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс сурвалжилга бэлтгэлээ. Биднийг сурвалжилга авахаар ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр нэг цаг орчим болоход дансаа хаалгасан 10 гаруй жижиг ААН-ийн төлөөлөл "данс нээлгэх хүсэлт"-ээ барьж ирэн, нийгмийн даатгалын байцаагч нарыг "царайчилж" байсан юм. 

Жижиг ААН-үүдийн төлөөллийн хэлж буйгаар 2-3 сая төгрөгийн өр төлбөр эсвэл 1-3 сарын хугацаа хэтэрсэн байхад ямар ч мэдэгдэх хуудас өгөлгүй, утсаар ярьж сануулалгүйгээр дансыг нь шууд хааж байна. Зарим тохиолдолд дансанд байгаа мөнгийг нь шууд татан авдаг бөгөөд энэ талаар урьдчилж мэдэгддэггүй нь бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл учруулж байна.

Гэвч данс нь хаагдсанаар тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого орж ирсэн ч зарцуулах эрхгүй болдог. Үүнийг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчид бүтэн өдөржин төрийн байгууллага болон банкны хооронд гүйж, цаг хугацаа, боломжоо алдаж байна.

Өмнө нь албан бичиг өгч, сануулдаг байсан бол одоо ийм харилцаа холбоо бүрэн тасарчээ.

Нийгмийн даатгалын байцаагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан журмыг үндэслэн ийм арга хэмжээ авдаг гэж тайлбарлаж байна. Тус журмын дагуу шимтгэл төлөлтийг 31-90 хоног хэтрүүлсэн тохиолдолд дансны гүйлгээг зогсоох эрхтэй аж.

Гэвч хууль тогтоомжид заасан мэдэгдэх хуудас өгөх, сануулах үүргээ төрийн албан хаагчид орхигдуулж, зөвхөн "хаах" эрхээ урьтал болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид төрийн байцаагч нарын өмнө хүлцэнгүй байсаар ирсэн нь тэднийг дарамтлах, үл хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч, татвар төлж буй иргэдээ үл тоомсорлож, багахан хэмжээний мөнгөн дүнгээс болж үйл ажиллагааг нь шууд зогсоодог хандлагаа өөрчлөх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн харилцаа харилцан хүндэтгэл, нээлттэй мэдээлэл дээр суурилах ёстой хэлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.