Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив Улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдлээ

Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив Улсын үзлэгээр “А” үнэлгээтэй дүгнэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төрөлжсөн архивын үйл ажиллагаанд төрийн хууль, тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг шалгах Улсын үзлэг энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дүгнэлтээ гаргалаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан нийт зургаан шалгуур үзүүлэлт, нарийвчилсан 68 үзүүлэлт, аргачлалын дагуу үзэж шалгахад “А” үнэлгээ авсныг Ажлын хэсэг өнөөдөр танилцууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ архивын байрыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, мэргэжлийн тоног төхөөрөмж, тавиур, шүүгээ, техник хэрэгслийг бүрэн шийдвэрлэн ашиглалтад оруулсныг энэ үеэр онцлон талархал илэрхийлсэн. Түүнээс гадна, агааржуулалт, камерын систем, баримтыг нэр төрлөөр нь хадгаламжийн санд байрлуулах, тооцоо судалгаа хийх ажлууд хангалттай сайн байгааг үнэлэв. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг 20.1-д заасны дагуу төрөлжсөн архивын мэргэжлийн орон тоог бүрдүүлж 23 болгон нэмэгдүүлснийг сайшаан дүгнэжээ

Харин Төрийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагааг жигдрүүлэх, кино, дуу авианы баримтын бүрдүүлэлтэд анхаарах, гэмтэл хуучралт үүссэн баримтыг сэргээн засварлах зөвлөмж чиглэл өглөө.

Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цаашид Улсын үзлэгээр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, сэргээн засварлах ажлыг улам сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ийнхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төрөлжсөн архив хууль тогтоомжийн хэрэгжилт, архивын баримтын хадгалалт хамгаалалт, мэргэжлийн хүний нөөцийн чадавхаараа Улсын үзлэгт өндөр үнэлгээ авлаа.

C7397T01C7402T01C7412T01C7395T01

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.