А.Гансүх: Төрийн дууллыг хаана, хэн дуулахаас үл хамааран тогтсон нэг хувилбараар дуулуулахыг зорин Монгол орон даяар нэг өдөр, нэг цагт "Төрийн дууллаа" эгшиглүүллээ

Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд Монгол Улсын Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүллээ.

Зохион байгуулагч А.Гансүх:

Орон даяар энэхүү арга хэмжээг зохион байгуулахын тулд холбогдох газруудаас зөвшөөрөл авах, аймгуудын үлээвэр найрал хөгжмийг оролцуулах зэрэг нүсэр ажлууд хийгдсэн. Энэ бүх ажлын гол ачааг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нугалж, хамтран ажиллалаа. Миний бие төрийн дууллаа хаа дуртай газраа дуулдаг, аяыг нь дур мэдэн өөрчилдөг эсвэл үгийг нь буруу дуулж дуусгадаг асуудлыг нэг мөр цэгцлэхийг хүссэн юм.

1950 онд төрийн дуулал батлагдсанаас хойш төрт ёсны бүхий л арга хэмжээ, наадамд стандартын дагуу тоглож ирсэн мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ тал дээр туслах хүсэлтийг тэдэнд тавьсан. Үүний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабаас 21 аймгийн төв талбайд үлээвэр найрал хөгжим эгшиглүүлж, төрийн дууллаа дуулан, төрийн далбаагаа мандуулах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хүүхдүүдийн аюулгүй байдал болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, сурагчдыг заавал талбайд цуглуулахгүйгээр сургууль дээрээ төрийн дууллаа дуулах боломжийг бүрдүүлсэн. Ер нь хичээлийн шинэ жилээ төрийн дууллаар нээдэг, долоо хоног бүр эсвэл өглөө бүр дуулж хэвшсэн сургуулиуд олон бий.

Тухайлбал, БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг монгол сургууль долоо хоног бүрийн эхний өдөр төрийн дууллаа дуулдаг юм билээ. Ингээд товлосон цагт буюу 11:40 минутад бүх сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа дуулж нэгдлээ. Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа гол зорилго нь нийгэмд гэрэл гэгээтэй зүйлийг харуулах явдал юм. Хувь хүн санаачилга гаргаад ийм хэмжээний ажил хийх боломжтой чөлөөт нийгэмд бид амьдарч байна.

Төрийн ордны өмнө болон 21 аймаг даяар нэгэн зэрэг төрийн дууллаа дуулж байгааг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд анзаарсан байх гэж найдаж байна. Гадаадад амьдарч буй иргэд төрийн дууллыг цахим орчноос хайж олоод тавьчихдаг тохиолдол цөөнгүй байдаг юм байна.

Гэтэл тэнд өөр өөр найруулгатай, стандартын бус хувилбарууд байдаг нь асуудал дагуулдаг. Дэлхийд Монгол Улсыг таниулах гол зүйл бол төрийн далбаа, төрийн дуулал болон Их Эзэн Чингис хаан юм.Тиймээс төрийн дууллыг нэгдсэн нэг стандарттай болгож, цэгцлэх шаардлагатай байна.

Цаашид энэ асуудлыг хуульчлан баталгаажуулах хүртэл боломжоороо ажиллах болно. Бид ийм арга хэмжээ зохион байгууллаа, ийм олон хүн, сургуулиуд оролцлоо гэдгийг эрх бүхий байгууллагуудад уламжилж, төрийн дууллын асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн хичээх болно гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.