Ц.Тамир: Хэвлэл мэдээллийн салбар "худалдагдах" тухай асуудал нь сэтгүүлчдэд биш, зөвхөн эздэд хамаатай

Хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа маргаантай асуудлуудаар медиа аналист, хуурамч мэдээл мэдээллийн эсрэг Factcheck.mn талбарын үүсгэн байгуулагч Ц.Тамиртай ярилцлаа. Манай улсад  400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 128 нь телевиз, 186 орчим нь мэдээллийн цахим сайт, 70 гаруй нь сонин, сэтгүүлийн чиглэлд ажиллаж байна. Гэвч тус салбарт өнөөдөр  хэвлэл мэдээллийн ёс зүй, бие даасан хараат бус байдал, улс төрчдийн оролцоо зэрэг нь шийдэж чадахгүй байгаа маргаантай асуудал болсон.

Угтаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие даасан хараат бус байх ёстой гэсэн гол зарчим дэлхий нийтэд үйлчилж ирсэн. Гэвч манай улсын хувьд эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь нэг талаас улс төрчдийн оролцоо нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөрсдийн ашиг сонирхлоос шалтгаалж байна. Сүүлийн долоо хоногт хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдэн хэсэгт хуваагдан, талцаж, сүүлдээ орлогын эх үүсвэрээ дэлгэлцэх түвшинд хүрээд байна. Тэгвэл хөндлөнгийн судлаач ямар байр суурьтайг байгааг хүргэе. 

da4a484a2f2e49dc84af194320bb01de

Хуурамч мэдээл мэдээллийн эсрэг Factcheck.mn талбарын үүсгэн байгуулагч Ц.Тамир:

-Сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд унаж байгаатай тодорхой хэмжээнд санал нийлнэ. Гэхдээ энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага худалдагдаж байна, төртэй өндөр дүнтэй гэрээ байгуулан ажлаа хийж байна гэх шүүмжлэл нь жирийн сэтгүүлчдэд хамааралтай асуудал биш юм. Энэ бол тухайн байгууллагын эздийн л хийж буй ажил.

Хэрэв ажиглавал, нэр холбогдоод байгаа хүмүүс нь дандаа хэвлэл мэдээллийн салбарын эзэд байдаг. Тиймээс "худалдагдах" тухай асуудал нь сэтгүүлчдэд биш, зөвхөн эздэд хамаатай гэдгийг нийтээрээ зөв ойлгох нь зүйтэй.

-Бие даасан сэтгүүл зүйг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагатай "хамтран ажиллах гэрээ" нэрээр тэдний дохио зангаа, хүсэл зоригоор мэдээллийн урсгалыг бий болгож байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Үүнийг засаж залруулахын тулд олон улсын зарчмын дагуу санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай ч манайд үүнийг зохицуулах эрх зүйн орчин алга.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 2011 оноос хойш буюу сүүлийн 15 жилийн хугацаанд хэд хэдэн удаа өргөн баригдсан ч эргүүлэн татагдсаар ирсэн. Үүнийг сэтгүүлзүйн  салбарынхан бүгд мэдэж байгаа. Энэхүү хуулийг батлах сонирхолгүй байгаа тал нь улс төрчид эсвэл иргэд биш. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд өөрсдөө үүнийг эсэргүүцэж, хойш татдаг.

Учир нь өнөөдрийн энэ ил тод бус, зохицуулалтгүй орчин, төр засагтай сүлбэлдсэн байдлаас хамгийн их ашиг хүртэж байгаа хүмүүс бол эзэд юм. Хэрэв хэвлэл мэдээллийн эзэд өөрсдөө үүнийг зөвшөөрөхгүй бол энэ асуудал шийдэгдэхэд бэрх.

Гэхдээ хөндлөнгөөс харахад шинээр гарч ирж буй залуу редакцууд, шинэ үеийн эзэд арай өөрөөр ажиллах болов уу гэсэн хүлээлт байна. Хэвлэл мэдээллийн байгууллага санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд" хамтран ажиллах гэрээ" байгуулж болно, энэ нь байх ёстой зүйл. Гэвч гол асуудал нь төртэй хийж буй гэрээнд байгаа юм.

Олон улсын жишгээр хэвлэл мэдээлэл нь зар сурталчилгааны орлогоор санхүүгийнхээ дийлэнхийг бүрдүүлж, цэвэр зах зээлийн зарчмаар явах ёстой. Гэтэл манайд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 200-300 орчим байгууллагын дийлэнх нь зах зээлийн жамаар явахгүй байна.

Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ганц хоёрхон хүнтэй редакц ажиллуулж, ямар ч мэргэжлийн ёс зүй, хүртээмжгүй мөртөө төрийн олон байгууллагатай сарын 1-8 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү "хамтран ажиллах гэрээ" нэрийн дор явагдаж буй хэлбэр нь салбарын нэр хүндийг унагаж буй гол хүчин зүйл юм. Үүнийг л бид шүүмжлээд байгаа хэрэг. Эндээс цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь харагдах байх.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.