Одоогийн байдлаар нийт 20 баавгайг аюулгүй болгожээ

Одоогийн байдлаар нийт 20 баавгайг аюулгүй болгожээ
Хэвлэлийн хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Экологийн цагдаагийн албаны дарга Н.Отгонжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар оролцож, албан ёсны мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Өнөөдрийн байдлаар Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр:
 
Архангай 8, Баян-Өлгий 2, Булган 43, Дархан-Уул 110, Завхан 47, Хөвсгөл 109, Увс 16, Дорнод 13, Хэнтий 254, Төв 21, Сэлэнгэ 109, нийслэлд 14, Улсын тусгай хамгаалалтын захиргаадад 251 буюу нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн.
Иймд баавгай бүртгэгдсэн орон нутагт ажлын хэсэг байгуулагдан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг и-монголиа системээр тогтмол хүргүүлж, байгаль орчны зөрчил мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байна.
Амьтны тухай хуулийн 35.3.Ховор амьтны тоо толгойг зохицуулах шаардлагаар сийрэгжүүлэх агналт явуулах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага олгож, мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор:
Дархан-Уул аймагт 3, Сэлэнгэ аймагт 6, Хөвсгөл аймагт 3, Хэнтий аймагт 11, Увс аймагт 3, Завхан аймагт 3, Төв аймагт 3, Булган 3, Нийслэлийн байгаль орчны газарт 3, нийт 9 аймаг, нийслэлд 38 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон.
 
Үүнээс:
1. Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор 6-ийг аюулгүй болгосон),
2. Сэлэнгэ аймаг: 6 баавгай, (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
3. Хөвсгөл аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
4. Дархан-Уул аймаг: 3 баавгай, (2 хорогдол) төмөр замд дайруулсан,
5. Увс аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
6. Завхан аймаг: 3 баавгай (одоогоор 2- аюулгүй болгосон),
7. Төв аймаг: 3 баавгай (одоогоор 2-ийг аюулгүй болгосон),
8. Нийслэл (Улаанбаатар): 3 баавгай (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)
9. Архангай 3 (одоогоор 1-ийг аюулгүй болгосон) буюу одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай, Нийслэл нь холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг аюулгүй болгосон байна.
 
Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн.
Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.
 
Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дурдав.
 
Мөн Улсын онцгой комиссын (УОК) III хуралдаан болон Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.