Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардан жагсаж Ерөнхий сайд Н.Учралд албан бичиг хүргүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж жагслаа

Өнөөдөр нийслэл, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 300 гаруй иргэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг албан тушаалаас огцрохыг шаардан жагслаа. Тэдний зүгээс 2026 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг тусгаж оруулж ирээгүй. Мөн УИХ-ын болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр салбарын сайд "тэвчихгүй" гэсэн байр суурийг илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эсрэг санал өгсөн зэрэг үндэслэл бүхий шаардах бичгийг Ерөнхий сайд Н.Учрал хүргүүллээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд дээрх шаардлагыг өгсөн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Эрч хүч" холбоог төлөөлөн Т.Мөнхбат миний бие энэхүү шаардах бичгийг гардуулж байна. Манай холбооноос 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр төв талбай дээр зохион байгуулсан тайван жагсаалд хөгжлийн бүсийн иргэд нэгдэж, Т.Абубакерыг Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас огцруулах шаардлагад гарын үсэг зурсан юм. 2026 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг тусгаж оруулж ирээгүй. Үүнээс гадна УИХ-ын болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр салбарын сайд "тэвчихгүй" гэсэн байр суурийг илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эсрэг санал өгсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд бидний нийгмийн хамгааллыг салбарынхаа чухал асуудлын нэг гэж үзэлгүй, эсрэг санал өгч хуралдааныг орхин гарч байгаа нь биднийг үл хүндэтгэж буй хэрэг гэж бид үзэж байна. Иймд хүний эрхийн мэдрэмжгүй, эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан Т.Абубакерыг Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах бидний шаардлагыг УИХ дэмжихийг хүсэж байна. Энэхүү шаардлагад хавсаргасан иргэдийн гарын үсгүүдийг Сайд Нямбаатар, Учрал нарт мөн хүргүүлж байгаа юм. УИХ-ын гишүүн А.Баясгалан шаардлагыг хүлээн авч хэлэхдээ: "Бид та бүхнийхээ дуу хоолойг сонсож, шаардлагыг тань хүлээн авлаа. Та бүхэн маань гадаа битгий даараарай, одоо эртхэн харьж амраарай гэж хүсэж байна. Ардаа үр хүүхдээ, өвчтэй хүнээ асрах ажилтай хүмүүс өөрсдийгөө битгий их ядраагаарай. Бид та бүхнийхээ төлөө ажиллаж, зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байх болно" хэмээн илэрхийлэв. Т.Мөнхбат: "Биднийг маш их гадуурхагддаг энэ үед гарч ирж, бидний төлөө байгаа гишүүдээрээ бахархаж байна. Энэ хүмүүсийн ачаар бидний шаардлага зохих газартаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Сая бид холбогдох сайдтай таарсан. Бидний цуглааныг дэмжиж ирсэн УИХ-ын гишүүддээ баярлалаа, бүгдэд нь ажлын амжилт хүсье. Өнөөдрийн бидний хурц зорилго биелж, шаардлагыг маань албан ёсоор хүлээн авлаа. Хүсэл зоригоо хамтдаа нэгтгэсэн та бүхэндээ баярлалаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.