Дараагийн ерөнхийлөгчид горилогчдын сорилт

Дараагийн ерөнхийлөгчид горилогчдын сорилт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул хуулиараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлах нөхцөл үүссэн. Хуулийн хугацаа ёсоор дөрвөн сарын дотор буюу наанадаж ирэх оны хоёрдугаар сарын сүүлч, цаанадаж гуравдугаар сарын 19-ний дотор Төрийн тэргүүний сонгууль болох учиртай.
Энэхүү богино хугацаа нь улс төрийн намуудад шинэ дүр төрх бүтээхээс илүүтэй, олон нийтэд хэдийнээ танигдсан, бэлтгэлтэй улстөрчдийг сойх стратегийн шаардлагыг тулгаж байна гэж болно. 
 
1. МАН-ын сонголт: Улс төрийн туршлага ба гүйцэтгэх засаглалын нөлөө

Эрх баригч МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Шадар сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын нэрс яригдаж, дотооддоо санал асуулгаар өөрсдийгөө тандаж байна.
 

Г.Занданшатарын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан туршлага, ажлаа өгсөн даруйдаа эхлүүлсэн идэвхтэй пиар зэрэг нь түүнийг намынхаа горилогчдоос рейтингээрээ тэргүүлж байна гэж дүгнэхэд хилс болохгүй. Гэвч түүний хувьд одоо ямар нэг албан тушаалгүй байгаа нь том сорилт болно. Харин нөгөө талд төрийн албаа хашиж, бодит бодлого хэрэгжүүлж буй Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарт илүү давуу байдал бий болгоно. Гэхдээ намаас олонхийн санал авч чадах эсэх нь асуудал.

МАН-ын хувьд намын эв нэгдлийг хадгалж, аль нэгийг нь дэмжихдээ олон нийтийн таашаал болон намын дотоод фракцуудын тэнцвэрийг хэрхэн барих нь гол сорилт болно.

2. АН-ын сорилт: Рейтинг ба эрх зүйн эрсдэлийн дундах сонголт

Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Тэдэн дээр нэмээд намын дарга О.Цогтгэрэл нэр дэшигнэ гэх таамаг бий.
 

АН-ын хувьд хамгийн эгзэгтэй сонголт тулгараад байна. Судалгаагаар Н.Алтанхуяг рейтингээрээ тэргүүлж байгаа ч "Хөгжлийн банк"-ны гэх шүүхийн асуудал нь сонгуулийн сурталчилгааны үеэр өрсөлдөгчдийн гол бай болох өндөр эрсдэлтэй. Бүр дэшихгүй ч байх магадлалтай. Тиймээс Л.Гантөмөр, Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын дундаас илүү цэвэр намтартай, улс төрийн оновчтой акц чадсан нь нэр дэвшигчийн сунгаанд ялна. 

Түүнчлэн намын дотоод сунгаа хэр зэрэг шударга, эв нэгдэлтэй явагдахаас тус намын ялалтын хувь заяа шууд хамаарна.

3. Гуравдагч хүчний орон зай ба ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл"-ийн тодорхойгү байдал

УИХ-д суудалтай Үндэсний эвсэл, ХҮН нам болон ИЗНН-ууд одоогоор нэр дэвшигчээ зарлаагүй нь тэдэнд нэр дэвшигчдийн хомсдолтой тулгарч байгаагийн илрэл гэж харж болно. Нөгөөтэйгүүр том намуудын нүүдлийг ажиглаж, илүү оновчтой тактик боловсруулах гэсэн хүлээлттэй нь ч холбоотой байх.
 
ИЗНН-ын тухайд УИХ-ын гишүүн асан С.Оюунд санал тавьсан ч татгалзсан хариу авсан. Гэхдээ АН-ын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар тус намд элссэнээр Я.Санжмятавыг нэр дэвшүүлэх магадлалтай гэж таамаглахад хүргэж байна. Хэрэв Я.Санжмятав дэвшвэл АН-ын саналыг хуваах магадлалтай.
Харин сүүлийн үед олон нийт, улстөрчдийн зүгээс "дараагийн Ерөнхийлөгч ядаж л гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой" гэх шаардлагыг хөндөж эхэлсэн нь Монгол Улсын гадаад бодлого, олон улсын тавцан дахь нэр хүндийг чухалчилж буйн илрэл юм.
 

Тэгвэл дээрх горилогчдоос Г.Занданшатар, Н.Алтанхуяг, Ж.Энхбаяр нар англи, орос хэлтэй гэсэн бол Л.Гантөмөр англи, япон хэлтэй, Д.Ганбат орос хэлтэй, Б.Жавхлан хэлний мэдээлэл тодорхойгүй байна. 

Мэдээж хэл, ус нэг шалгуур байх боловч тэдний улс төрийн туршлага, хэрэгт холбогдоогүй байдал, улс төр хийх чадвар, дипломат харилцааны мэдлэг чадвар гээд олон шалгуур үзүүлэлт нөлөөлөх нь гарцаагүй. Юутай ч ойрноос Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа ил, далд идэвхижих нь гарцаагүй болж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.