ЭМЯ-ны ТНБД асан Д.Очирбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Мэдээллийг сануулахад, Д.Очирбат нь ЭМЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа Харвардын их сургуулийн сургалтад хамрагдах эрүүл мэндийн салбарын 20 хүнийг сонгон шалгаруулах комиссыг ахалж, шаардлага хангаагүй авга дүү О.Гантулгыг хамруулсан байдаг.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ууганцэцэгийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.