Худалдаа эрхлэгч: Өчигдөр 2900 төгрөгөөр "Талх чихэр"-ээс ирж байсан талх өнөөдөр 3675 төгрөгөөр ирж байна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, иргэдийн амьдралд хүнд дарамт болж байна. Үнийн хөөрөгдөл дээд цэгтээ тулж байгаа энэ үед төр засаг анхааралдаа авахгүй бол ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байна.

Бид Баянзүрх захаас нөхцөл байдлыг тодруулахад, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх өдрүүдээсээ үлэмж нэмэгдсэн дүр зурагтай байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын байдлаар жилийн инфляц 13.4 хувьд хүрээд байгаа юм. Бодит байдал дээр зарим төрлийн талхны үнэ нэг өдрийн дотор 750 төгрөгөөр нэмэгдэж, 2900 төгрөгөөс 3650 төгрөг болж өсжээ.

Түүнчлэн иргэдийн өргөн хэрэглэдэг "Атар" талх өчигдөр 3000 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 3400 төгрөг болж, 400 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Худалдагч нарын хэлж буйгаар үнийн өсөлт нь шатахууны үнэ болон бусад зардлууд нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ шууд өндөр үнээр нийлүүлж эхэлжээ. "Талх Чихэр" зэрэг томоохон компаниуд үнээ нэмэхэд бусад үйлдвэрлэгчид дагаад нэмдэг гинжин хэлхээ үүссэн байна. Үнийн өсөлтөөс болж худалдагч нар иргэдэд загнуулах тохиолдол их байгаа ч цаанаасаа ирж буй падааны үнэ нэмэгдсэн тул өөрчлөх боломжгүй байгаагаа тайлбарлаж байна.

Иргэдийн хувьд амьдрал туйлын хүнд байгааг онцолж байна. Цалин хөлс нэмэгдээгүй байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт, заримдаа хэдхэн цагийн дотор өсөж байгаа нь тэднийг туйлдуулж байна.

"Өдөрт ганц талх аваад хувааж идэх хэмжээнд хүрч байна" хэмээн зарим иргэд бухимдлаа илэрхийлж, төр засаг үнийн хөөрөгдлийг зохицуулахгүй байгааг шүүмжиллээ.

Цаашид энэ хэвээр үргэлжилбэл иргэдийн амьжиргаа эрс муудах аюултай байна. Иргэд төр засгийг тогтвортой бодлого хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хяналтандаа авахыг шаардаж байна. Мөн тогтолцооны өөрчлөлт хийж, нам дагасан бүлэглэлүүдээс салах цаг болсныг сануулж, дараагийн сонгуулиар зөв сонголт хийх хэрэгтэйг онцолж байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.