Биокомбинат ТӨХХК вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа

Биокомбинат ТӨХХК  вакцин үйлдвэрлэлийн талаар танилцууллаа
Биокомбинат ТӨХХК шинээр үйлдвэрлэхээр төлөвлөж буй болон одоо үйлдвэрлэж байгаа малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинуудынхаа туршилт-судалгаа, үйлдвэрлэлийн явцыг танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин дотооддоо савлах ажлын хэсгийн үр дүн гарч, холбогдох бэлтгэл ажлыг хангасан даруйд тухайн вакцины үйлдвэрлэлийг эхлүүлэхээр болсон. Ингэснээр 2026 онд багтаан Шүлхий өвчнөөс сэргийлэх О хэвшлийн вакцины 200 мянган тунг үйлдвэрлэх боломжтой боллоо.
Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагийн экспертийн "Техникийн үнэлгээний долоон зөвлөмж"-ийн хэрэгжилтийг хангахаар Мал эмнэлгийн ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон тус үйлдвэрийн дөрвөн талт ажлын уулзалтыг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулсан байна. Уг уулзалтаас гаргасан шийдвэрийн дагуу “Биокомбинат” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн А/52 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд ажлаа дуусгаж байгаа бөгөөд энэ сарын 25-аас арванхоёрдугаар сарын нэгний хооронд тайлангаа хэлэлцүүлэхээр тохиролцжээ. Экспертийн зөвлөмж биелэгдсэнээр тус үйлдвэрийн Судалгаа хөгжил, инновацийн лабораторид бэлэн байгаа 50 мянган тун шүлхийн вакцины өтгөрүүлсэн антиген, тосон адъювантыг савлаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.
Бог малыг мялзангаас сэргийлэх вакцины тухайд, Францын CIRAD байгууллагаас авсан Nigeria 75/1 омгоор хийсэн судалгааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн 2026 оны тавдугаар сарын 27-ны Эрдмийн зөвлөлийн хурлаар баталгаажуулж, эхний ээлжид 50 мянган тун туршилтын загвар вакциныг хатаалганд оруулахад бэлэн болгосон байна. Үүнийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, чанар, аюулгүй байдлын стандарт, техникийн баримт бичгийг батлуулснаар хэрэглээнд гаргахаар төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн түвшний "TideXcell" тоног төхөөрөмжийг суурилуулснаар жилд багадаа 20 сая тун мялзангийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал бүрдэх талаар мэдээлэв.
Харин ямааны годронгоос сэргийлэх вакцины омгийг Төв аймгийн Алтанбулаг суманд бүртгэгдсэн голомтоос дээж авч шинэ омог гарган авч 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид баталгаажуулан Францын CIRAD лавлагаа лаборатори руу илгээгээд байна. Нийт нэг сая тун вакцин үйлдвэрлэх бэлтгэл хангагдсан бөгөөд эхний цувралын 250 мянган тунг үйлдвэрлэх эсрэгтөрөгч бэлтгэхээр 300 ямаа ашиглан ажиллаж байна. Үүнээс гадна тус үйлдвэр бог малыг шөвөг яр, колибактериоз, иж балнад, боом, бруцеллёз, цусан халдвар, сахуу, дотрын халдварт хордлого, гахайн мялзан өвчнөөс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд бусад биобэлдмэлийн үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг шат дараатай хийж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.