Нэгдсэн менежментийн тогтолцоогоо бэхжүүлж, чанар, стандартын хэрэгжилтээ сайжруулахаар зөвлөлдөж байна

Нэгдсэн менежментийн тогтолцоогоо бэхжүүлж, чанар, стандартын хэрэгжилтээ сайжруулахаар зөвлөлдөж байна

Дэлхийн стандартын өдрийн хүрээнд “Чанар болон стандарт - тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр “Оюу” танхимд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Стандарт, чанарын зөвлөлийн дарга Т.Батмөнх, Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын дарга, Ерөнхий аудитор О.Баярмагнай, Стандарт, чанарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стандарт, удирдлагын албаны дарга Ц.Сангижав, Эрүүл мэндийн албаны дарга Т.Даваадорж нарын хүндэт зочид болон Эрдэнэт үйлдвэрийн стандарт хэрэгжүүлж буй бүх бүтцийн нэгжийн удирдлагууд, инженер, техникийн ажилтнууд, стандарт, эрсдэл хариуцагч нар, чанарын зөвлөлийн гишүүд оролцож байгаа юм. Оролцогчид Нэгдсэн менежментийн тогтолцооны үр дүнг хэлэлцэж, сайн туршлагаа солилцон, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох юм.

Зөвлөгөөнийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Стандарт, чанарын зөвлөлийн дарга Т.Батмөнх хэлсэн үгэндээ, “Стандарт бол хөгжил дэвшлийн баталгаа, чанарын хэмжүүр, аюулгүй ажиллагааны үндэс төдийгүй тогтвортой ирээдүйг бүтээхэд улс орон, байгууллага, хүн бүрийг нэгэн зорилгын дор нэгтгэдэг нийтлэг зарчим юм” хэмээн тодотгов. Мөн стандарт бол бидний хариуцлага, ажлын соёл, ирээдүйдээ өгч буй баталгаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээрээ түүхэн дээд амжилт тогтоож, улс, орон нутгийн төсөвт 2,3 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь хамтын хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, үйлдвэрлэлийн сахилга бат, тасралтгүй сайжруулалтын бодит үр дүн. Хүдрийн агуулга буурч, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бүтээмж, үр ашгаа дээшлүүлж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахын тулд процессын тогтвортой байдал, чанарын удирдлага, стандартын тууштай хэрэгжилт онцгой чухал үүрэгтэйг тэрээр энэ үеэр онцолсон.

Эрдэнэт үйлдвэр менежментийн тогтолцооны 7 стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэмжих болон техникийн 848 стандартыг тус тусад нь хэрэгжүүлэхэд давхардал, нөөцийн хуваагдал, уялдаа алдагдах зэрэг олон хүндрэл үүсэж байв. Иймээс 2024 оноос ISO 9001 стандартад суурилсан Нэгдсэн менежментийн тогтолцоонд зангидах ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд Дотоод хяналт, мониторингийн хэлтэс эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, холбогдох бүтцийн нэгжүүдтэй хамтран Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогыг тодорхойлон, бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар дамжуулан тогтолцооны хэрэгжилтийг хангаж, ойлголтыг түгээх болон дотоод аудитын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил, үйлчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлагад нийцэхийн зэрэгцээ нөөцийн оновчтой ашиглалт, эрсдэлийн удирдлага, тасралтгүй сайжруулалтыг дэмжих ач холбогдолтой юм.

 Дэлхийн стандартын өдрийг угтсан зөвлөгөөн нь Эрдэнэт үйлдвэрийн чанар, стандартын соёлыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцсэн сайн засаглал бүхий үйлдвэр болон хөгжих зорилтыг урагшлуулах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

 TGS2423 TGS2461 TGS2446 TGS2493 TGS2523 TGS2530 TGS2434 TGS2497

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.