Л.Оюун: Орлого олж байгаа хүн бүрт боломж байна

Үнийн өсөлт газар авч, иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлж байгаа энэ үед иргэд санхүүгээ хэрхэн зохицуулах талаар бид Эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа. Орлого олж байгаа хүн бүрд санхүүгээ зөв удирдах боломж бий гэдгийг МУИС-ийн зөвлөх профессор, "Мэдлээ" цахим сургуулийн Бизнес судлалын ахлах багш, доктор Л.Оюун онцолж байна.

Эдийн засагч Л.Оюун:

- Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад "Бизнес судлал" хичээл албан ёсоор орж, 10-12 дугаар ангийн сурагчдад хувь хүний, өрхийн болон бизнесийн санхүүгийн мэдлэг олгож эхлээд тав дахь жилдээ орж байна.

Эдийн засгийн зүй тогтлоор нэгэнт өссөн үнэ эргэж буурдаггүй бөгөөд инфляцыг дагасан үнийн өсөлт нь үйлдвэрлэл, нийгмийн хөгжлийн нэг хөдөлгүүр болж байна.

Хэрэв үнэ буурвал үйлдвэрлэгчид алдагдалд орж, нийгэм зогсонги байдалд орох эрсдэлтэй. Тиймээс иргэд үнэ буурахыг хүлээх бус, одоогийн нөхцөл байдалд дасан зохицож, өөрийгөө дайчлах шаардлагатай. 

Төрөөс цалин, тэтгэврийг нэмж байгаа ч энэ нь хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байгаа тул хүн бүр өөрийн ур чадвар, хоббидоо тулгуурлан нэмэлт орлого олох боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.

Санхүүгийн сахилга батын тухайд "хэрэглээд үлдсэнийг нь хадгалах" биш, харин "орлогоосоо эхлээд хадгалаад, үлдсэнийг нь хэрэглэх" зарчмыг баримтлах хэрэгтэй. Орлогын хэмжээнээс үл хамааран 5-20 хувийг тогтмол хадгалах боломж хүн бүрд бий.

Ингэхдээ тодорхой зорилго, тооцоололтой байх нь чухал бөгөөд зардлаа тогтмол бүртгэснээр илүүц хэрэглээгээ хянах боломж бүрддэг. Хүний хэрэгцээ хязгааргүй боловч орлого хязгаартай тул минималист хэрэглээ рүү шилжих нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нэг алхам юм.

Иргэд өөрт байгаа зүйлсээ эргэн харж, шаардлагагүй худалдан авалтаас татгалзах замаар хэмнэлт хийх хэрэгтэй. Санхүүгийн боловсрол дээшлэх тусам хэрэглээ ухаалаг болж, бусдыг дуурайх бус өөрийн бодит боломжид тулгуурлан шийдвэр гаргадаг болно.

Сүүлийн үед иргэд зөвхөн банкны хадгаламж бус, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах замаар урт хугацааны хуримтлал үүсгэх сонголтыг хийх болсон. Сүүлийн үед аппликэйшн ашиглан хэрэглээний зээл авах нь "чөтгөрийн тойрог" буюу өрийн дарамтыг үүсгэж байна.

Эдгээр зээл нь хөрөнгө оруулалт биш, зөвхөн өнөөдрийн хэрэглээг хангах зорилготой байдаг учраас иргэд өндөр хүүгийн дарамтад орох эрсдэлтэй. Хэрэв нэгэнт өр зээлд орсон бол өндөр хүүтэйгээс нь эхлэн дарах төлөвлөгөө гаргаж, санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөж байна.

Санхүүгийн аливаа алдааг бусдаас буюу төр засаг, зохицуулах байгууллагаас хайх бус, өөрийн гаргасан шийдвэр, мэдлэг дутмаг байдалтай холбон үзэх хэрэгтэй. Өнөөдрийн хийсэн үйлдэл маргаашийн үр дүнг тодорхойлдог тул тасралтгүй суралцаж, санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйн баталгаа болно.

Хэдийгээр өнөөдөр санхүүгийн хүндрэлтэй байгаа ч зөв төлөвлөгөө, удирдлагатай байж чадвал энэ байдлаас гарах бүрэн боломжтойг доктор Л.Оюун хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.