Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны саадыг арилгах зорилготой “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 10-р сарын 12-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д эхэлж нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар болон дүүрэг бүрээс нийт 36 хэсгийн байцаагч төлөөлөн оролцлоо.
Арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар нээлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн албан хаагчдад хандан үг хэлж, иргэн, аж ахуйн нэгжээс хуульд заагаагүй баримт бичиг, шаардлага нэхэх, үйл ажиллагаанд нь үндэслэлгүйгээр саад учруулах явдлыг таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанд хангаж, албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагыг онцолсон бол Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн цахим системийн нэвтрүүлэлтийг уялдуулан зохицуулах зорилгоор Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын А/155 дугаар тушаалаар “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг албан бус бүтэцтэйгээр байгуулсан. Тус төв нь төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдааг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар зөвшөөрөл, мэдэгдэлтэй холбоотой үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чиглэн ажиллана.

Долоо хоногийн арга хэмжээний эхний өдөр төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар хуулийн хэрэгжилт, зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаа, хяналт шалгалт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон цахим системийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж албан хаагчдад мэдээлэл өгсөн бол
- Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.
- Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Булгантамир Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн зохицуулалт, алба хаагчдад тулгамдаж буй асуудлаар оролцогчдод илтгэл тавьж мэдээлэл өгсөн бол,
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр Системийн нэвтрэлт болон төрийн албан хаагчдын анхаарах асуудал,
- Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын захирал Б.Наранбаатар Зөвшөөрлийн цахим системийн боломж, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлэг нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд үргэлжлүүлэн лхагва гарагт Улаанбаатар хотын худалдааны танхимын Аж ахуйн нэгжүүдэд зориулсан практик зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээ, пүрэв, баасан гарагуудад Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын зөвшөөрөл олгох эрх бүхий албан хаагчдад зориулсан “Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл-хяналт-цахимжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.







Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.