ОУХМ К.Ёолк: Азийн наадмын аварга болж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах тэр мөчид урсгасан хөлс, золиосолсон цаг хугацаа, гэр бүл гээд маш олон зүйл бодогдсон
Өнөөдөр бид Монголын спортын түүхэнд өөрийн нэрийг үлдээж, Азийн наадмын аварга, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Ёолктой ярилцахаар уриад байна.
Сэтгүүлч: Танд Азийн наадмын аварга болсонд дахин баяр хүргэе.
ОУХМ К.Ёолк: Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, алтан медаль авсандаа маш их баяртай байгаа. Төрийн дууллаа эгшиглүүлж зогсоход тамирчин хүний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг. Тэр мөчид урсгасан хөлс бүрийнхээ үнэ цэнийг мэдэрч, спортын төлөө золиосолсон бүхэн, хайртай гэр бүл минь хамгийн түрүүнд бодогдсон.
Тухайн тэмцээний барилдаануудын хувьд би чансаагаараа эхний наймд багтаж, хэсэгтээ 2025 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Тажикистаны тамирчинтай хуваарилагдсан. Тэр маань хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зоны аваргын төлөө Олимп, Дэлхийн аваргын медальт Казахстаны туршлагатай тамирчин Гусман Кыргызбаевтай барилдсан бол аваргын төлөө Узбекистаны Гранд Слам, Гран При тэмцээний аварга, одоо яг формондоо байгаа сайн тамирчинтай хүч үзэж түрүүлсэн.
Тэмцээний бэлтгэлийн хувьд үндэсний шигшээ багийнхантайгаа Спортын төв ордонд маш сайн базаасан. Сэтгэл зүйгээ ч сайн бэлдсэн байсан. Сугалаа гарахад эхний наймд эрэмбэлэгдсэн учраас өрсөлдөгчдөө урьдчилж маш сайн судалсан нь давуу тал болсон.
Миний хувьд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын уугуул. Дархан-Уул аймагт арван жилээ төгссөн. 2011 онд Дархан-Уул аймгийн БТСГ-ын Д.Балжинням багш дээрээ анх шавь орж байлаа. Багадаа эмээ дээрээ өссөн, гадаа хөл бөмбөг тоглож өнждөг хүүхэд байв. Тэр үед манай нэг ах жүдогоор хичээллэдэг байсан бөгөөд намайг "Чи барилдаж үзэх үү?" гэж дагуулж явснаар энэ спорттой амьдралаа холбосон.
Бага байхдаа шигшээ багийн ах нарыгаа л шүтдэг байлаа. Спортын төв ордонд өсвөрийн хүүхэд байхдаа тэдний бэлтгэл хийхийг хаалганы завсраар хараад л биширдэг байсан. Ялангуяа Х.Цагаанбаатар аваргыг Дарханд ирэхэд нь харах гэж хүмүүс их цуглардаг байлаа. Миний анхны амжилт гэвэл 2011 оны намар аймгийн аваргаас хүрэл медаль авч байсан минь юм.
Харин олон улсын анхны том амжилт маань Якутад болсон Хүүхдийн Азийн наадмын хүрэл медаль байлаа. 2025 оны Дэлхийн аваргад анх удаа оролцож хүрэл медаль хүртэхдээ 60 кг-ын жинд барилдсан. Манай улсад энэ жингийн өрсөлдөөн маш их байдаг. Тэр үед жин их хассан ч надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юм сан гэж хичээсэн.
Дэлхийн аваргын дэвжээ сэтгэл зүйн хувьд өөр байдаг ч би зөвхөн жиндээ ороод, алхам алхмаар урагшлахыг л бодсон. Энэ жилээс жин өгсөж 66 кг-д барилдаж эхэлсэн. 60 кг-д байхдаа бараг 9-10 кг хасдаг байсан нь хүндрэлтэй байлаа. 66 кг-д ороход өрсөлдөгчид маань арай өндөр, барьц сайтай болсон.
Миний хувьд өөртэйгөө ойролцоо нуруутай хүнээс илүү өндөр хүнтэй барилдах нь арай дөхөм байдаг.
Энэ жиндээ Улсын аваргад түрүүлж, Г.Эрхэмбаяр ахыгаа ялж түрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа. Японы бөхчүүд жүдод ноёрхож байгаагийн нууц нь ерөөсөө л системтэй бэлтгэл, багаас нь бэлддэг арга барил болон дотоодын маш их өрсөлдөөнд байдаг гэж боддог. Тэд барьц болон хөлийн ажиллагаа маш сайтай. Гэхдээ тэдний сул тал нь золгож барилдахдаа арай тамиргүй байдаг учраас лав барьц авч барилдвал боломж илүү гардаг.
Спортын замналд шантрах үе байлгүй яах вэ. Бэртэл гэмтэл авах, санхүүгийн асуудлаас болоод болих тухай бодож байсан үе бий. Тэр үед манай аав "Миний хүү нэгэнт эхэлсэн юм чинь эцсийг нь үз, дараа нь харамсахгүй байх хэрэгтэй" гэж зоригжуулсан нь надад маш их хүч өгсөн.
Манай аав сумын заан цолтой, үндэсний бөхөөр барилддаг хүн бий. Одоо Сэлэнгэ аймагтаа мал маллаж байгаа. Аав минь намайг үргэлж даруухан, сахилга баттай байхыг захидаг. Цаашдын зорилго маань 2028 оны Лос-Анжелесийн Олимпын мөчлөгт амжилттай оролцох юм. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, амжилтаа ахиулахын төлөө хичээж байна.
Ярилцлагын төгсгөлд намайг үргэлж дэмждэг Монголын ард түмэндээ, Жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн хамт олон, багш дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлье. Мөн Хилийн цэргийн "Хилчин" спорт хороо, 208-р тусгай салбар, Дархан-Уул аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн М.Төмөртогоо багшдаа болон "Ус Урам" компанийн хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Хамгийн гол нь ар талыг минь найдвартай дааж, үргэлж дэмждэг ханьдаа, гэр бүлийнхэндээ, эмээдээ маш их хайртай шүү гэж хэлье. Түрүүлэхэд минь тосож авсан аав, ээж хоёртоо баярлалаа. Монголчуудын маань дэмжлэг надад маш их хүч болдог.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.