Эрдэнэт үйлдвэр: Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчилснээр зардлаа бууруулж, бүтээмжээ хадгална
Эрдэнэт үйлдвэр жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга, өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг, үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшинг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдварт ажиллагааг хангах зорилгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай үргэлжлүүлсээр байна. Үүний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл юм. Энэ төсөл нь Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэл болон Өндөр даралтын булт нунтаглагчийн (HPGR) технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна.
Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ОремТрейд” ХХК шалгарч, 2023 оны сүүлээс ажлаа эхлүүлжээ. Харин төслийн цогц инженерчлэлийн ажлыг “Metso” компани гүйцэтгэж байгаа бөгөөд тоног төхөөрөмжүүдийг төслийн талбайд бүрэн нийлүүлээд байна.
Барилга угсралтын ажлыг “Эрдэнэтлайт” ХХК гүйцэтгэж байна. Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн төсөл нийт зургаан үндсэн барилга байгууламжаас бүрдэж, хамгийн өндөр төвөгшил бүхий том бутлалтын хэсгийн барилга нь газар доороо зургаан давхар буюу 32 метр, газар дээрээ 20 метрийн өндөртэй байхаар төлөвлөгджээ. Одоогоор барилга угсралт 52, “Катодгал” ХХК-ийн гүйцэтгэж буй гадна цахилгаан хангамжийн тулгуурын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явна.
Төслийн хоёр дахь хэсэг болох Өндөр даралтын булт нунтаглагч буюу HPGR технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажлын гүйцэтгэгчээр “ФЛСмидт Монголиа” ХХК шалгарч, 2024 оны эхээр ажлаа эхлүүлсэн. Дөрөвдүгээр шатны булт нунтаглагчийн цогц инженерчлэлийг “FLSmidth” компани хариуцаж байгаа бөгөөд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийн 95 хувь нь төслийн талбайд буужээ.
Энэ хэсгийн барилга угсралтыг “Бридж констракшн” ХХК хариуцаж байна. Нийт таван үндсэн барилга байгууламжаас бүрдэх энэ хэсгийн хамгийн өндөр төвөгшил бүхий барилга нь газар доороо хоёр давхар буюу зургаан метр, газар дээрээ 36.5 метрийн өндөртэй байхаар төлөвлөгдсөн. Одоогоор барилга угсралт 38, гадна цахилгаан хангамжийн ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр, бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээ жилд тогтмол 40 сая тоннд барих боломж бүрдэнэ. Цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг долоон хувиар бууруулж, орд ашиглалтын хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ. Мөн үйл ажиллагааны зардал 614.28 сая ам.доллароор буурч, 1 тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг зургаан хувиар буурах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.