Д.Баасандамба: Монголд түгээж байгаа мэдээ мэдээллийн 80% нь гүн хуурамч мэдээлэл гэдгийг тогтоосон!
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Үндэсний сөрөн тэсвэрлэх чадварын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр гадаад, дотоод нөхцөл байдал, дэлхийн дайны чиг хандлагын талаар тодруулснаа онцлон хүргэе.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:
-Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн мөргөлдөөн шатлан өргөжих гурван үндсэн хувилбар яригдаж байна.
Эхнийх нь Орос-Украины дайн Зүүн Европын орнууд руу халих эрсдэл юм. Латви, Литва, Эстони зэрэг улсуудыг өдөөн хатгах замаар Оростой шууд нүүр тулсан мөргөлдөөн үүсгэх магадлал өндөр байна. НАТО-ийн орнууд хилийн дагуу цэрэг, пуужингаа байршуулж, Оросын тал Калининград руу довтлох болон цөмийн зэвсэг хэрэглэх талаар анхааруулж буй нь нөхцөл байдлыг туйлын аюултай болгож байна. Хэрэв буруу алхам хийвэл Украины Крымд байсан орон нутгийн чанартай мөргөлдөөн Зүүн Европыг бүхэлд нь хамарсан томоохон дайн болон хувирах аюултай.
Дараагийн хувилбар нь Израиль болон Ираны хоорондох асуудал юм. Өмнө нь энэ нь дам байдлаар өрнөдөг байсан бол одоо Иран шууд оролцож эхэллээ. Хэрэв Ираны талд бүс нутгийн бусад орнууд болон зэвсэгт бүлэглэлүүд нэгдвэл энэ нь олон улсын хэмжээний томоохон мөргөлдөөн болно. Аль хэдийн зарим бүлэглэлүүд Америкийн эсрэг бөмбөгдөлт хийж эхэлсэн нь нөхцөл байдал хурцдаж байгаагийн илрэл юм.
Гурав дахь гол голомт нь Зүүн Азид байна. Саяхан Япон Улс түүхэндээ анх удаа пуужингаа бэлэн байдалд орууллаа. Хятад, Японы онгоцууд агаарын хил дээр бие биеэ сөнөөх горимд шилжин дагаж ниссэн тохиолдол гарлаа. Хэрэв энд мөргөлдөөн гарвал Хятадын тэнгис орчимд АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австралийн хүчнүүд Хятадтай шууд нүүр тулна. Энэ бүхэн хэзээ эхлэх нь ердөө цаг хугацааны асуудал болоод байна.
Бид Орос-Украины дайныг эхлэх хүртэл ийм зүйл болно гэж төсөөлөөгүй шиг эдгээр мөргөлдөөнүүд ч нэг л өглөө гэнэт эхлэх эрсдэлтэй. Энэхүү геополитикийн хурцадмал байдал Монголын айл өрх бүрт нөлөөлж байна.
Гэвч манайхан Орос, Украины тал болон талцаж хэрэлдэхээс цаашгүй байна. Дайны улмаас үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийн эсрэг төр засаг, ард түмэн нэгдмэл бодлоготой байж чадсангүй.
Нийгэм маань хоёр хуваагдаж, мэдээллийн талбарт байгаа мэдээллийн 80 орчим хувь нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч мэдээлэл (deepfake) байна. BBC, CNN эсвэл Оросын мэдээллийн хэрэгслүүдийн алинд нь ч туйлшрал байгаа тул бодит, тэнцвэртэй мэдээлэл олж авах нь нэн төвөгтэй болжээ.
Монгол Улс төрийн бодлогоосоо эхлээд иргэн бүр энх тайвныг эрхэмлэж, дипломат арга замаар дайныг зогсоохын төлөө нэгдмэл байх ёстой. Хэн нэгнийг талцан дэмжих нь Монголын нийгмийн тогтвортой байдал болон энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод хортой.
Манай хойд хөрш байлдаж, урд хөрш маань дэлхийн хэмжээний мөргөлдөөнд бэлтгэж, Япон, Солонгос, Хойд Солонгос пуужингаа бэлэн болгоод байхад бид зөвхөн наадам хийх, цалин нэмүүлэх, хэрэглээгээ өсгөх тухай л ярьж сууна.
Бид хэрэглээнд суурилсан нийгмийн сэтгэл зүйдээ хэт автаж, хаяанд ирсэн бодит аюулыг анзаарахгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.