ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Хяналтгүйгээр хилээр мал, амьтад оруулж ирсэн гэх мэдээллийн дагуу улсын хэмжээнд томоохон шалгалт эхлүүлнэ

Ямааны годрон өвчний улмаас 7 мянга орчим ямааг устагасан үүний хохирлыг нэхэмжлэх, буруутай этгээдийг тогтоох ажил хийгдэж байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ямааны гоц халдварт годрон өвчнийг санаатай тараасан эсэх асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж байна. Мөн зөвшөөрөлгүй хяналтгүйгээр орж ирсэн мал, амьтад хилээр оруулсан асуудлын дагуу улсын хэмжээнд томоохон шалгалт эхлүүлнэ. 

"Саятан сүрэг" компанитай холбоотой асуудлаар тухайн байгууллагаас гүтгэлэг гэх тайлбарыг өгч байгаа. Гэвч тухайн аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлсэн. Манай мал эмнэлгийн хяналтын байцаагч нар тухайн өдөр холбогдох газруудаар явж, шалгалт хийсэн байдаг. Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Энэ хэргийг тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж байна. Одоо энэ асуудлаар хэн дуртай нь яриад байх цаг өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс ТЕГ болон ЦЕГ-т энэ хэргийн эзэн холбогдогчийг яаралтай олж тогтоох чиглэл өгсөн. Ямааны годрон өвчин гарсны улмаас одоогийн байдлаар 7 мянга орчим ямааг устгаад байна. Тиймээс үүний хохирлыг нэхэмжлэх, буруутай этгээдийг тогтоох ажил хийгдэж байна. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа энэ үед хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хуулиараа хориотой. Монгол Улсын хилээр эцэг мал оруулж ирэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авдаг журамтай. Гэтэл энэ удаагийн асуудалд холбогдсон хүмүүс зөвшөөрөл аваагүй байна. Оруулж ирсэн малаа тухайн аймаг, орон нутгийнхаа мал эмнэлэгт бүртгүүлэх ёстой байдаг. Гаалиар юу орж ирж байгаа нь гаалийн байгууллагын асуудал боловч манай салбарын хэмжээнд тодорхой лимит, хязгаарлалт байдаг. Энэ жилийн тухайд эцэг мал оруулж ирэх лимит дууссан гэх мэдээлэл бий. Засгийн газрын тогтоолоор ямар үүлдрийн, ямар мал оруулж ирэхийг нарийн заасан байдаг бөгөөд 1300 орчим мал орж ирсэн гэх тоо бий. Нарийн тоог мал эмнэлгийн албанаас тодруулах боломжтой. Зөвхөн малаас гадна арслан, тогос, тогоруу, цацагт хяруул гэх мэт бусад төрлийн амьтад ч манай дээр бүртгэлтэй байх ёстой. Гэтэл зөвшөөрөлгүй амьтад орж ирж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Тиймээс би энэ чиглэлээр улсын хэмжээнд томоохон шалгалт эхлүүлэх гэж байна. Одоогийн байдлаар шалгалтын удирдамжийг боловсруулж байгаа бөгөөд ирэх даваа гарагт надад танилцуулах ёстой. Үүний дараа улсын хэмжээнд энэ асуудлыг нэг мөр шалгаж цэгцэлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.