ОХУ-д гарсан уушгины халдварыг зарим эрдэмтэд тахал биш гэж үзэж байна

ОХУ-д гарсан уушгины халдварыг зарим эрдэмтэд тахал биш гэж үзэж байна
Оросын нэгэн судалгааны хүрээлэнд лабораторийн ажилтан уушгины тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан тухай мэдээ дэлхий даяар тархаж, халдвар дэгдэх, цаашлаад цар тахал үүсэх эрсдэлтэй гэсэн түгшүүрийг төрүүлээд байна.
 
 
ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодын Иркутскийн тахал эсэргүүцэх хүрээлэнд лабораторийн техникчээр ажиллаж байсан 28 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт "гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа"-гаар нас барсан. 
 
10 дугаар сарын 8-ны байдлаар, тус ажилтны амь насыг авч одсон уушгины хатгалгааны шалтгааныг Оросын эрх баригчид албан ёсоор батлаагүй байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн департамент болон Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) хоёул Иркутск хотод бүртгэгдсэн "уушгины тахлын сэжигтэй тохиолдол"-ын талаарх мэдээллийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.
Уушгины тахал нь булчирхайн тахлыг үүсгэдэг "Yersinia pestis" хэмээх бактераар үүсгэгддэг, уушгины хүнд хэлбэрийн бөгөөд ихэвчлэн үхэлд хүргэдэг халдварт өвчин юм. Энэ нь амьсгалын замын дуслаар хүнээс хүнд халдварлах чадвартай байдаг.
 
Анх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус ажилтныг лабораторид санамсаргүй байдлаар өртсөний улмаас халдвар авсан гэж мэдээлсэн. Харин Иркутск мужийн захирагч Игорь Кобзевын мэдээлснээр, талийгаачийн биеэс "түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн бичил биетэн илрээгүй" гэж мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч уг үхлийн тохиолдлоос үүдэн түүний эмчлүүлж байсан эмнэлэг хөл хорио тогтоож, түүнтэй хавьталд орсон 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад аваад байгаа байгаа юм. 
 
ОХУ-д тахлын чиглэлээр судалгаа хийж байсан Миннесотагийн их сургуулийн малын эмч, профессор, доктор Сюзан Жонс TODAY.com сайтад өгсөн ярилцлагадаа:
 
“Өвчтөнтэй удаан хугацаанд, шууд болон ойрын харьцаанд ороогүй бол энэ халдварыг авах магадлал бага” гэжээ.
Мөн антибиотик нь халдварт өртсөн хүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд маш өндөр үр дүнтэй байдаг байна.
 
ОХУ-д үргэлжилж буй хөл хорио

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, лабораторийн ажилтан нас барсан Сибирийн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд түүнтэй харьцсан хүмүүсийн 60 хувийг одоогоор шинжилгээнд хамруулаад байгаа аж.
 
 
Цагаан ордны COVID-ийн эсрэг хариу арга хэмжээний зохицуулагч асан, доктор Ашиш Жха NBC News-т мэдээлэхдээ, хэрэв энэ нь уушгины тахлын тусгаарлагдсан ганц тохиолдол бол “тэгээд л зогсох байх” гэжээ.
“Дэлхий даяар жил бүр уушгины тахлын мянга мянган тохиолдол бүртгэгддэг. Эдгээр нь дэгдэлт үүсгэх нь маш ховор” гэжээ. 
 
“Энэ бол Хар үхэл (тахал) биш, бас COVID ч биш” гэж Жонс хэлжээ.
 
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд санаа зовсон хэвээр байна

Лабораторийн ажилтны үхэлд уушгины тахал гэдэгт бүх мэргэжилтнүүд итгэлтэй биш байна. 
 
Тулейны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дархлаа судлаач, доктор Лиза Моричи NBC News-т хэлэхдээ: “Магадгүй тэр эмэгтэй тахлын эсрэг лабораторид техникчээр ажиллаж байсан нь зүгээр л нэг тохиолдол бөгөөд үүнтэй огт хамааралгүй өөр зүйлээр нас барсан нь хожим тодорхой болохыг үгүйсгэхгүй” гэжээ.
 
Эх сурвалж: https://www.today.com/
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.