Ахмад багш Ц.Цэрэнбат: Багш хүний хамгийн том бахархал шавь нар нь байдаг
Багш нарын баярыг тохиолдуулан боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа тэргүүлэх зэргийн багш Ц.Цэрэнбаттай ярилцлаа..
Тэргүүлэх зэргийн багш Ц.Цэрэнбат:
-Би Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуульд бага ангийн багшаар 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд зургаан анги дааж төгсгөсөн. Одоо долоо дахь буюу отгон шавь нараа хүлээн аваад байна. Миний анхны шавь нар өдгөө 30 гарсан, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа мундаг залуучууд бий.
Өмнө нь нэг ангид 50 гаруй хүүхэд суралцдаг байсан бол энэ хичээлийн жилд манай анги 40 сурагчтай болсон. Хүүхдийн тоо цөөрснөөр суралцах таатай орчин бүрдэж, багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж нэмэгдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд туслах багш ажиллах болсон нь багшийн ачааллыг хөнгөлж, хүүхэд нэг бүрт хүрэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа юм.
Зургаан настай хүүхдүүд маань балчир, тоглоомоосоо бүрэн салаагүй байдаг ч сүүлийн үеийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж, тодорхой хэмжээнд төлөвшсөн байдаг нь давуу тал болдог. Энэ жилээс хэрэгжиж буй шинэчилсэн хөтөлбөр нь хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, маш ойлгомжтой болсон байна. Одоогийн байдлаар бид дасан зохицох болон бэлтгэл хөтөлбөрөө үзэж байгаа бөгөөд аравдугаар сарын сүүлээс үсэг үзэж эхэлнэ.
Миний багш болох хүсэл бага ангийн багш Цэвээндолгороос минь эхтэй. Багш хүн хүүхдэд эрдэм ном заадаг их гоё мэргэжил гэж багаасаа боддог байлаа. Манай гэр бүлд багш мэргэжилтэй хүмүүс олон бий. Хадам аав маань Монгол Улсын Гавьяат багш бол хадам ээж маань миний наймдугаар ангийн ангийн багш байсан хүн бий. Ах, эгч нар маань ч боловсролын салбарт ажилладаг багш нарын гэр бүл юм.
Багш хүний хамгийн том бахархал бол шавь нар нь байдаг. Миний өмнөх ангийн сурагчид нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг монгол хэлний зөв сайхан бичгийн олимпиадад гурван жил дараалан аваргалсан. Шавь нар маань багштайгаа үргэлж холбоотой байдагт би их баярладаг. Цагаан сараар үе үеийн шавь нар маань гэр бүл, үр хүүхдээ дагуулан ирж золгодог сайхан уламжлал тогтсон.
Одоогийн хүүхдүүд өмнөх үеийнхтэй харьцуулахад мэдээлэлд маш ойр, технологи ашиглах чадвар сайтай, өөрийгөө илэрхийлэхдээ нээлттэй болсон байна. Тэдний сэтгэн бодох чадвар, хэл ярианы хөгжил маш сайн учраас багш бид ч гэсэн хүүхдүүдтэйгээ зэрэгцэн өөрийгөө байнга хөгжүүлж, өөрчлөгдөж байх шаардлагатай болдог.
Залуучууддаа хандаж хэлэхэд багш гэдэг хүнд эрдэм заадаг, маш их буянтай, сайхан мэргэжил. Цаашид багш нарын нийгмийн асуудал, цалин хангамж сайжирна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс залуус маань энэ мэргэжлийг гололгүй сонгож, олон шавь нартай болоосой гэж уриалж байна. Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь жилийн ойн баярын мэндийг боловсролын салбарт ажиллаж буй нийт хамт олондоо дэвшүүлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.