Э.Батшугар: Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 39 хувь нь амны хөндийн өвчлөлтэй байна
Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам хамтран "Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг, үзлэг"-ийг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд орон даяар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээий талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар мэдээлэл хийлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Үзлэгт цэцэрлэгийн 3 настай хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 9, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлгийн явц 30 орчим хувьтай байна. Тодруулбал, нийт хамрагдах ёстой 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд үзлэгт ороод байгаа бөгөөд явцын мэдээллийг 1313.mn сайтаар ил тод мэдээлж байна.
Үзлэгийг насны онцлогт тохируулан хийж байгаа бөгөөд тухайлбал 3 настай хүүхдэд аутизм илрүүлэх, 15 настай хүүхдэд сэтгэл зүйн оношилгоо хийх зэргээр төрөлжүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль" хөтөлбөрийн хүрээнд 2027 он гэхэд эрүүл, ногоон, аюулгүй, хүртээмжтэй, ухаалаг сургуулийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.
Сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдал нь хүүхдийн сурлагын амжилтад шууд нөлөөлдөг болохыг олон улсын PISA үнэлгээний үр дүн баталж байгаа юм. Тиймээс сурагч эрүүл байхаас гадна анги танхимын агаар, барилгын материал, ариун цэврийн байгууламж стандартын шаардлага хангасан байх ёстойг онцолж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
Өнгөрсөн 2023 онд хийсэн туршилтын үзлэгээр нийт хүүхдүүдийн гурван хүүхэд тутмын нэг нь шүдний цооролтой, мөн гурван хүүхэд тутмын нэг нь харааны бэрхшээлтэй, хоёр хүүхэд тутмын нэг нь дотор эрхтний ямар нэгэн эмгэгтэй гарсан байна. Энэ удаагийн үзлэгээр хүүхдүүдийг А, B, C, D гэсэн дөрвөн түвшинд үнэлж байгаа бөгөөд одоогоор нийт хүүхдийн 26 хувь нь эрүүл буюу А үнэлгээтэй байна.
Харин 39 хувь нь амны хөндийн өвчлөлтэй (C үнэлгээ), 8 хувь нь хөгжлийн болон өсөлтийн эрсдэлтэй (D үнэлгээ) байгаа тул эцэг эхчүүдийг дараагийн шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд идэвхтэй хамруулахыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.