Ардчилсан нам 2027 оны төсвийн төсөлд ногдол ашгийг тодорхойгүй байдлаар оруулж ирж байна гэж шүүмжилж байна

Ардчилсан намын 4/11 ээлжит хэвлэлийн хурлаар Оюутолгойн 34 хувийн ногдол ашгийн 3 их наядаас 2 их наяд төгрөгийг иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хувьд 2027 оны улсын төсвийн төсөлд баялгийн санд ногдол ашгийг орлого гэж оруулж ирсэн ч зарлага байдлаар хэмээн тодорхойгүй байгаад шүүмжилж байна.

Ш.Бямбасүрэн: 2027 оны төсөл дээр ногдол ашгийг орлого гээд оруулж ирсэн боловч зарлага гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн байна. Энэ бол сонгууль угтсан бэлэн мөнгө тараах шоу гэж хардаж байна!

 

Байгалийн баялгийн орлого гэдэг нь ирээдүйн залуучуудад дэмжлэг үзүүлэх орлого байх ёстой. Гэтэл өнөөдөр төсвийн төсөлд 2 их наяд төгрөгийг зарцуулна. 1 их наяд төгрөгийг баялгийн сан луу хувиарлана гэж оруулсан. Бас нэг ноцтой зүйл нь төсвийн төсөлд баялгийн санд 1 их наядыг орлого гэж оруулсан боловч 2027 оны төсвийн төсөлд зарлага талыг нь тодорхойгүй байдлаар оруулж ирсэн байна. Энэ нь яг юунд зарцуулах нь тодорхойгүй.

Миний хувьд МАН ирэх сонгуульд зориулан бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байна. Үүнийг нууцаар хийх гэж байна гэж харж байна. Өнөөдөр инфляц ард иргэдийн хамгийн том асуудал болсон. Мөнгө тарааж байгаа нь нэг удаагийн гал унтраах мэт иргэдэд хамгийн том эдийн засгийн хүндрэл үүсгэнэ. Ер нь байгалийн баялгийн орлого, Оюутолгойн ногдол ашгийг тарааснаар бид нэг удаагийн шинжтэй төсвийн зардлаа нэмэгдүүлж байгааг маш их буруутгаж байна.

Тогтвортой бус орлогоор тогтвортой зардлыг өсгөж байна. Өнөөдөр ямар ч төсвийн сахилга батгүй сонгууль угтсан төсөв оруулж ирж байна. Ер нь орлогыг эдийн засгийн үр өгөөжтэй зөв хуваарилах л чухал байдаг. Өнөөдрийн хувь УИХ-ын сонгууль угтсан гал унтраах байдлаар энэ төсвийг оруулж ирж байна. 

Ардчилсан намын БЕЗ-ийн дарга Д.Амарбаясгалан:

 

2027 оны төсвийн төслийг дагалдуулан ганцхан хуудас 6 зүйлтэй хуулийн төсөл оруулж ирсэн. Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай хууль. Яг нийгмийн бодлого шийдвэрлэх биш зориулалт нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол улсын эзэмшиж байгаа 34 хувьд ногдох Оюутолгойн орлогыг замаас нь 2 их наядыг татаж аваад олон жилийн өмнө 10 аймгийн ДЦС-ыг барихаар шийдвэрлэсэн ч санхүүжилтээ алдсан төслүүдэд зарцуулах байдлаар оруулж ирж байгааг АН-ын бүлгээс буруушааж байна. Үндэсний баялгийн 3 төрөлжсөн сан байдаг. Одоо болон ирээдүйн үедээ газрын хэвлийн баялгийг тэгш шударга хүртээхээр зохицуулсан  хууль. Ер нь үндэсний баялгийн сангийн тухай хуульд ОТ орж ирэхээр тооцон 3 их наяд төгрөг хуримтлалын санд бичигдэн, Монгол улсын бүх иргэдийн нэрийн дансанд бичигдэх хуультай.

Одоо байгаа хуулиар нэг иргэний дансанд 830-850.000 төгрөг бичигдэж энэ нь иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтийн дэмжлэгт зарцуулагдах ёстой. Гэвч өчигдөр 2 их наядыг И-монголиагаас санал авсан гэж ЗГ мэдээллээ. Санал авсан байдлаар дүр эсгэн 2 их наядыг татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар тооцож байгааг АН-ын бүлгээс буруутгаж байна

 Үндэслэл нь нийгмийн болон дэд бүтцийн томоохон төслийг Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сангаар зохицуулах ёстой. Хөгжлийн санг тухайн жилд төсөв ашигтай ажиллахад нөлөөлсөн Уул уурхайн орлогын 50 хувиар санхүүжүүлдэг. Эрх баригчид ЗГ төсвийг алдагдалтай ажиллуулах замаар тухайн санг амилуулахгүй замаар иргэдийн нэрийн дансанд байгаа хуримтлалын сангийн эх үүсвэрээр төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх нь буруу юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.