АНУ-ын Майами хотод Монгол Улсын иргэн Хүслэн Саруултуяа хоол хүргэлтийн жолоочийн амь насанд халдахыг завдаж, хоригджээ

АНУ-ын Майами хотод Монгол Улсын иргэн Хүслэн Саруултуяа хоол хүргэлтийн жолоочийн амь насанд халдахыг завдаж, хоригджээ

АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд гүнлэгт олон нийтийн сүлжээнд "Khuslen Khan" нэрээрээ танигдсан, 33 настай фитнес нөлөөлөгч Хүслэн Саруултуяаг хүн амины оролдлого болон хар тамхины наймааны хэргээр баривчлан саатуулжээ.

Тэрээр 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Uber Eats" үйлчилгээний жолоочийн биед галт зэвсэг ашиглан халдаж, улмаар орон байрнаас нь их хэмжээний хориотой бодис илэрсэн байна. Майами хотын шүүхээс түүнийг батлан даалтад гаргахгүйгээр хорих шийдвэр гаргаад байгаа бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хэрэг явдал Даделанд дахь "Pearl Dadeland" орон сууцны цогцолборын гадна болсон бөгөөд хохирогч болох хүргэлтийн жолооч тухайн орой хоол хүргэж өгснийхөө дараа Хүслэн Саруултуяагийн найз бүсгүйн утасны дугаарыг асуухаар эргэж ирсэн нь маргаан үүсэх гол шалтгаан болжээ. Сэжигтэн Хүслэн Саруултуяа жолоочийг буу тулган газар хэвтэхийг тушааж, улмаар галт зэвсгээр буудсан байна. Сум хохирогчийн өгзөг хэсгийг шүргэж шархдуулсан бөгөөд үүний дараа сэжигтэн жолоочийг бууны бөгсөөр толгой руу нь цохиж, хоёр инч орчим гүн шарх учруулжээ. Халдлага үйлдэх явцдаа тэрээр хохирогчийг ална хэмээн заналхийлж байсан бөгөөд энэ үед түүний найз бүсгүй үйлдлээ зогсоохыг гуйж байсан гэж гэрчүүд мэдүүлсэн байна.

Хохирогч хэргийн газраас зугтаж, өөрийн жолоодож явсан автомашинаар Баптист эрүүл мэндийн Саут Майами эмнэлэгт хүрч, эмнэлгийн тусламж авчээ. Хэргийг мөрдөн шалгах явцад цагдаагийн ажилтнууд Хүслэн Саруултуяагийн эзэмшлийн саарал өнгийн "Chevrolet Corvette" загварын автомашины улсын дугаараар мөрдөж, түүний оршин суугаа хаягийг тогтоосон байна. Баривчлах ажиллагааны үеэр түүний гэрээс 11,000 гаруй ам.долларын бэлэн мөнгө болон маш их хэмжээний хууль бус мансууруулах бодис илэрсэн нь хэргийг улам хүндрүүлж байгаа юм.

Нэгжлэгийн явцад кокаин, MDMA, кетамин, хий үзэгдэл харуулдаг мөөг буюу псилоцибин, мөн Ксанакс болон Аддералл зэрэг сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлүүд илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүнд хүн амины оролдлого, зэвсэг ашиглан бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээс гадна хар тамхины наймаатай холбоотой есөн төрлийн хүнд гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна. Сэжигтэн шүүх хурлын үеэр гэрээс нь олдсон эмнэлгийн зориулалттай бэлдмэлүүдийг өөрийнх нь жороор олгосон эмүүд хэмээн мэдүүлсэн боловч шүүх түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзжээ.

Майами-Дэйд гүнлэгийн шүүхийн шүүгч 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Хүслэн Саруултуяаг нийгэмд аюултай этгээд гэж үзэн, батлан даалтад гаргах боломжгүйгээр үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Одоогийн байдлаар тэрээр эцсийн шүүх хурал болох хүртэл цагдан хоригдож байна. Энэхүү хэрэг нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох TMZ, Local 10, WSVN зэрэг агентлагуудын анхаарлын төвд байгаа бөгөөд олон нийтийн сүлжээний нөлөөлөгч этгээд ийм ноцтой хэрэгт холбогдсон нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Эх сурвалж:

• instagram.com

• instagram.com

• local10.com

• tmz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.