Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг монголд байхгүй

Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж, хэвлэл мэдээллийнхэд мөн тайлбар өглөө. 
 
Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал:
 
-Т.Шинэбаярын холбогдсон хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь 2015 оны хуульд шинээр оруулж ирсэн зүйл анги. Тиймээс энэ зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй.
Яг энэ тохиолдолтой адилхан иргэн нийтийн албан тушаалтанд санал шүүмжлэлтэй хандах, шаардлага тавих нөхцөл байдал үүслээ гэж бодоход, тухайн нийтийн албан тушаалтан гомдол гаргалаа гэж бодоход Т.Шинэбаяр сэтгүүлчтэй адилхан эрүүгийн холбогдогчоор татагдах бодит нөхцөл байдал үүслээ. Тиймээс энэ асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах шаардлагатай.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэдэг зүйл анги бий. Мөн 23.7 дугаар зүйлд "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэсэн зүйл анги байгаа. Тэгэхээр иргэн хоорондоо бие, биеэ заналхийлвэл бага ялтай. Харин албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин их байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна, гэсэн юм.
 
Мөн Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг баривчилж, улмаар прокурорын санал, шүүхийн захирамжаар "нотлох баримтыг устгаж болзошгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан.
 
Гэтэл түүний гар утас, эд зүйлсийг аль хэдийн хураан авч, орон байранд нь үзлэг хийснээс хойш тав хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж буй нь хүний халдашгүй эрхийг зөрчиж байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, мэтгэлцэх зарчмыг хангахын тулд шүүхийн хяналт, эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг хууль тогтоогчид уламжилж байна гэж түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.