Австралид оршин суугч иргэн С.Гончигсумлаа: Хятадын BYD компанитай хамтарч Sky Suttle нэртэй монголд тохирохгүй тээвэр нэвтрүүлэх гэж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн шинэ удирдлагууд Хятадын "BYD" компанитай хамтран "Sky Shuttle" буюу агаарын галт тэрэгний шинэ төрлийн тээврийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаараа мэдэгдсэн. Гэвч энэ төсөл монголын хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирох эсэх нь эргэлзээтэй төсөл гэж зарим судлаачид үзэж байна. Уг асуудлаар бид Австралид оршин суугчдын төлөөлөл С.Гончигсумлаатай ярилцлаа. 

Австралид оршин суугчдын төлөөлөл С.Гончигсумлаа:

-Өнгөрсөн наймдугаар сард Хотын дарга хятадын BYD компанитай уулзаж, Sky Shuttle тээврийн хэрэгслийг монгол нэтрүүлэх болсон талаараа мэдэгдсэн. Улмаар ТЭЗҮ-ийг нь яаралтай боловсруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн байсан. Гэвч ийм томоохон төслийг сэтгэл хөдлөлөөр, хэт богино хугацаанд шийдэж болох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Олон улсын туршлагаас харахад, жишээ нь Австралийн Сидней хотод 1988 онд баригдсан монорейл буюу нэг замын тээвэр 2013 онд ашиглалтаас гарч, буулгагдсан байдаг. Үүний гол шалтгаан нь оргил ачааллын үед олон хүн тээвэрлэх хүчин чадал муутай, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, мөн техник хэрэгслийн олдоц муудсантай холбоотой байв.

"Sky Shuttle" нь барилгын хоёрдугаар давхрын түвшинд, агаар дээгүүр явдаг тул хотын архитектурт томоохон өөрчлөлт оруулдаг онцлогтой.

"BYD" компанийн хувьд уг төслөө Хятадын гурван хотод хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр нь өвөлдөө нэмэх хэмтэй, дулаан уур амьсгалтай бүс нутгууд юм. Хотын захиргаанаас уг тээврийг Бразилын Сан-Паулу зэрэг дэлхийн олон хотод нэвтэрсэн гэж танилцуулж байгаа ч албан ёсны эх сурвалжуудаас үзэхэд энэ нь одоогоор Хятадаас гадагш төдийлөн дэлгэрээгүй, туршилтын шатандаа яваа бүтээгдэхүүн гэж харагдаж байна.

Монголын нөхцөлд, ялангуяа өвөлдөө -40 градус хүрдэг Улаанбаатар хотод батарейгаар ажилладаг "Sky Shuttle" хэр тохиромжтой вэ гэдэг нь хамгийн том асуудал юм. Хүйтний эрчээс шалтгаалж батарейн цэнэг барих чадвар муудах, кабины дулаан алдагдах, цонх цантах зэрэг техникийн хүндрэлүүд гарна. Мөн Улаанбаатарын хөрсний цэвдэг, өвөл зуны температурын зөрүү нь агаарын замын тулгуур багануудын тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй.

Тээвэрлэх хүчин чадлын хувьд метро эсвэл трамвай нэг удаадаа 400-500 хүн тээвэрлэдэг бол "Sky Shuttle"-ийн нэг вагон ердөө 70-80 хүний багтаамжтай. Яармаг шиг их ачаалалтай чиглэлд энэ нь хангалттай шийдэл болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв хүчин чадлыг нь нэмэгдүүлж, Улаанбаатарын хүйтэнд тэсвэртэй болгож тусгайлан тоногловол барилгын өртөг нь Хятадад баригдсанаас хавьгүй өндөр тусах болно.

Урьдчилсан тооцоогоор нэг км замын өртөг нь 30 орчим сая ам.долларт хүрэх магадлалтай байна. Түүнчлэн, манай улсад металл хийцийн үйлдвэрлэл хөгжөөгүй тул замын бүх эд анги, ган бүтээцийг Хятадаас импортлохоос өөр аргагүй. Энэ нь эдийн засгийн хувьд хараат байдлыг үүсгэж, зардлыг улам нэмэгдүүлнэ.

Хамгийн гол нь Улаанбаатар хотод нийтийн тээврийг хөгжүүлэх нэгдсэн, тогтвортой бодлого байна уу гэдэг асуулт гарч ирж байна.

Өмнө нь метро, хурдны зам, BRT зэрэг олон төслийн ТЭЗҮ-ийг татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ч аль нь ч ажил хэрэг болоогүй. Хотын шинэ дарга ирэх бүрд өмнөх судалгаануудаа орхиж, өөр шинэ технологи ярьдаг байдал нь төрийн бодлогын залгамж халаагүйг илтгэж байна.

12 дугаар сарын эх гэхэд ТЭЗҮ-ийг бэлэн болгоно гэж яарч байгаа нь судалгаа шинжилгээ дутуу, дулимаг болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Бид татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах эрхгүй.

"Sky Shuttle"-ийн оронд цахилгаан трамвай эсвэл автобусны тусгайлсан эгнээ бүхий шугамыг өргөтгөх зэрэг илүү хямд, туршигдсан, үр ашигтай хувилбаруудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, олон нийтээр мэтгэлцэх шаардлагатай байна. Нийтийн тээврийн асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус, шинжлэх ухаанч тооцоо судалгаа, урт хугацааны төлөвлөлтөд үндэслэн шийдэх ёстой.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б
Би 9 цаг, 8 минут
Гүйээ энэ цагаач нар дандаа гуцаж байхымаа