Х.Уянга: "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөний иргэдийн эсрэг ажилласан 4 сайтад 1 тэрбум 400 сая төгрөг олгосон байна
"Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөний иргэдийн эсрэг ажилласан 10 сайтын 4 сайтад 1 тэрбум 400 сая төгрөг олгосон байна
"Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний зохицуулагч, иргэн Г.Уянга өнгөрөгч 7 хоногоос эхлэн нийслэлийн газар олголт, Х.Нямбаатар болон зарим хэвлэлийн байгууллагын тухай мэдээллийг баримттайгаар хүргэж эхэлсэн. Өнөөдөр тэр гурав дахь мэдэгдлээ хийлээ.

"Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний зохицуулагч, иргэн Г.Уянга:
Сүүлийн 2 хоногт юу болж байгааг бид бүгдээрээ харсан. Хэрхэн цөөн тооны сайтын эзэд болон хотын дарга асан Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг ноцож, иргэдийн зургийг үнэлүүлж гаргаж байгааг та бүгдээрээ харсан байх аа. Тэгээд үүнтэй холбогдуулан энэ хүний гар хөл болж ажилласан байх магадлалтай сайтууд бүгд ил гарч ирээд салбараа самарч эхэлсэн. Эдгээр сайтууд "Хатан Туул" хөдөлгөөнөөр биднийг жагсаж байхад ирж сурвалжилсан сайтуудыг сүүлийн хоёр, гурван хоногт идэвхтэйгээр гутаан доромжиллоо. Тэдгээр сайтын 2 жилийнх нь гүйлгээг шүүж үзээд нийт 70 сая төгрөгийн дүн гаргаж ирээд, өөрсдийгөө болохоор "би ердөө аравхан сая төгрөгийн гэрээ хийдэг шүү дээ" гэж өрөвдүүлэх гэж үзсэн. Түүний үг бүхэн худал гэдгийг та бүхэнд баримтаар ахиж няцаана аа.
Зариг.mn-ийн Н.Өнөрцэцэг хэдэн хоногийн өмнө ийм мэдээлэл гаргасан. Эдгээр иргэдийн дуу хоолойг хүргэсэн сайтуудын эсрэг "бүгдээрээ бүх булайгаа дэлгэе дээ" гээд ийм нэг мэдээллийг гаргаж ирсэн байдаг. Энэ мэдээлэл нь нээлттэй өгөгдөл дээр байхгүй. Тус мэдээллийг гаргаж ирээд араас нь Eguur.mn сайтын Ж.Мядагбадам "Нийслэлийнхэн уурлаад хоёр ч ажилтнаа халав" гэж мэдэгдсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл эдгээр сайтууд мэдээллийг нээлттэй өгөгдлөөс биш, нийслэлд байгаа танил талаараа мэдээллийг авч өөрсдийнхөө салбарыг намнах гэж үзсэн байдаг.
Сүүлийн 7 хоногт би Зариг.mn-ийн Н.Өнөрцэцэг болон Ж.Мядагбадам нартай холбогдох 22 айлын газар, нийслэлтэй хийсэн их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээний тухай нээлттэй мэдээллийн сангаас авсан баримтуудыг дэлгэж байсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өөрөө ил гарч тэдгээр сайтуудыг өмөөрсөн байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл харилцан хамаарал бүхий байгаагаа өөрсдөө илчлэн ярьж байгаа нь маш сонирхолтой байсан.
Өнөөдөр би шинэ баримтууд дэлгэж байна. Эдгээр шинэ баримтууд нь shilen.gov.mn сайт дээрх мэдээллүүд юм. Зариг.mn-ийн Н.Өнөрцэцэг өөрийн цахим хаягтаа: "Би 10 саяын л гэрээ хийдэг, би харин ч бага шүү. Бусад хэвлэл надаас илүү их түүнтэй гэрээ хийдэг" хэмээн өөрийгөө өрөвдүүлэх гэж удаа дараа пост хийснийг бид нар харсан. Тэгвэл Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг, Eguur.mn сайтын эзэн Ж.Мядагбадам, Tovch.mn сайтын эзэн Д.Майцэцэг, Urug.mn сайтын эзэн Б.Болорчимэг нар нь төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнтэй гэрээ хийсэн баримтыг нээлттэй мэдээллийн сангаас цуглуулж нэгтгэсэн. Уг нээлттэй сайт бол shilen.gov.mn юм.
Эдгээр нэр дурдагдсан 4 сайт нь нийлээд 1 тэрбум 408 сая төгрөгийг татвар төлөгч биднээс завшсан байгааг олж илрүүлээ. Энэ бол зөвхөн ил байгаа гэрээний дүн. Эдгээр 4 сайт нь далд бэлнээр хэдийг авдаг нь үүнээс хэд нугарах биз.
Мөн "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөний иргэдийн эсрэг нийт 10 сайт ажилласан. Үүнээс 4 сайтад 1 тэрбум 400 сая төгрөг олгосон байна. Үнийн дүнг нь тус бүрчлэн задалж үзвэл:
-
Zarig.mn (Н.Өнөрцэцэг): 379,000,510 ₮
-
Eguur.mn (Ж.Мядагбадам): 341,920,000 ₮
-
Urug.mn (Б.Болорчимэг): 473,000,753 ₮
-
Tovch.mn (Д.Майцэцэг): 229,365,000 ₮ тус тус авсан байна.
Би удахгүй өөрийн фэйсбүүк хуудастаа эксел файлаар эдгээр баримтуудыг нийтлэх болно. Удахгүй хэн, хэзээ, хэдэн төгрөг авсан тухай тодорхой гаргаж ирэх болно. "Лобо" компани хаана, ямар ямар байгууллагаас авсныг нь харуулбал: Иргэний нисэхийн үндэсний төв, Тавантолгой түлш, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс 8 сая төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 19 сая төгрөг гэх мэт юм. Энэ бүгд Шилэн данс дээр байгаа. "Ган үзэгтэн" ХХК буюу Заригийн Өнөрөөгийн сайт гэхэд Архангай аймгийн ЗДТГ, ОБЕГ, Дорнод аймгийн ЗДТГ, Тавантолгой түлш г.м байна. Эдгээр баримтуудыг удахгүй бүгдийг нь би өөрийнхөө фэйсбүүк дээр нийтэлж тавих болно. Шаардлагатай хүмүүст энэ бүх түүврүүдийг эксел файлаар нь явуулах боломжтой.
Эдгээр 4 сайтын мөнгөн дүн нийт 1.4 тэрбум төгрөгт хүрч байна. Цаана нь 10 сая төгрөгийн үнийн дүн гэхээрээ 3-4 тэрбум төгрөг хүрэх магадлалтай. Эдгээр баримтуудаар Заригийн Н.Өнөрцэцэг болон Эгүүрийн Ж.Мядагбадам хоёр сүүлийн хэдэн хоногт салбараа ноцож, тэдний ярьсан бүхэн худал байсан гэдгийг би баримтаар няцаалаа.
Хотын дарга асан, Хууль зүйн сайд асан Хишгээгийн Нямбаатар өнгөрсөн хугацаанд автомашины татварыг 5 дахин нэмсэн. Нийслэлийн иргэн бүрийн халааснаас авсан мөнгө энэ жишгийн адил эдгээр хэвлэл гэх нэрээр нүүрээ халхавчилсан гэмт бүлэглэлд очиж байсан гэдэгт би бол итгэлтэй байна аа. Мөнгө мөртэй байдаг юм аа, Өнөрцэцэг ээ. Энэ гэхдээ зөвхөн ил байгаа мөнгөн дүн шүү. Маш олон иргэд, байгууллагууд тэдний хэрхэн бэлэн мөнгө авчирч дундаа хувааж авдаг тухай мэдээлж байсан. Энэ бол далд дүн. Одоо АТГ, ЦЕГ ажлаа хиймээр байна аа.
Ер нь энэ 4 сайт болохоор "Хатан Туул" гэж тэмцэж гарч ирсэн ард иргэдийг ар гэртэй нь хамт энэ оны 3 сараас хойш ноцсон байдаг. Тухайлбал намайг "хулгайчийн хүүхэд, аав ээжийгээ зоддог" гэх мэтээр эдгээр 10 сайт тасралтгүй сурвалжилж байсан. Энэ бол хэвлэлийн байгууллага биш ээ. Энэ бол зүгээр яг нэг даргын эрх ашгийн төлөө яваад байгаа бүлэг гэмт хэрэгтнүүд гэж харсан.
Ингээд эдгээр хүмүүс үнэнд гүйцэгдээд өөрсдийгөө хэлэх үггүй болонгуут өөрсдийнхөө салбарынхныг хамт татах гэж үзсэн. Мөн салбараараа энэ иргэдийг хамт ноцъё гэдэг уриалга гаргасан. Энэ уриалгад нь автаагүй шударга сэтгүүл зүй байгаад баярлалаа. Гэтэл эдгээр шударга сэтгүүлчдийг "уучлаарай, бид нар иргэний дуу хоолойг хүргэнэ ээ" гэсний төлөө байж боломгүй муухай аргаар доромжилж байсан. Эдгээр сэтгүүлчдийн ард байгаа ах нарыг нь илчилсэн, "оцгор хэдэн хүүхнүүд" гэх мэтээр байж боломгүй байдлаар доромжилсон.
Үүний араас хотын дарга асан Х.Нямбаатар дуу хоолойгоо хүргэсэн иргэдийн зургийг гаргаж ирж лайв хийсэн байдаг. Тэр иргэд рүү ноцохдоо хамгийн сонин нь ямар өмөөрөл гаргасан бэ гэхээр эдгээр сайтын эздийг өмөөрсөн. Та бүгд Х.Нямбаатарын мэдэгдлийг хараад, араас нь эдгээр 4 сайт хэрхэн ажилласныг харах боломжтой.
МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ:

"Х.Нямбаатар дарга 'Хатан туулаа хамгаалъя' иргэдийн нэгдсэн хөдөлгөөний зарим хүмүүсийн зургийг бариад 'би баримттай мэдээлье' гэж зураг хөрөг харуулсан. За, үүнд би орсон учраас Х.Нямбаатарын маягаар би бас баримттай ярьж мэдэгдэл хийж байгаа юм шүү.
За, Нямбаатар аа, чи системийн авлигын эсрэг тэмцье гэсэн, чи Учралтай тэмцье гэсэн, чи Хүрэлсүхтэй тэмцье гэсэн. Чи Монголд хүрээд ир ээ. Чи Ерөнхий сайд Учралыг ямар хэмжээгээр үзэн яддаг вэ? Яг тэр хэмжээгээр чинь би Учралыг үзэн яддаг аа. Чи Ерөнхийлөгч Хүрэлсүхийг ямар хэмжээгээр үзэн яддаг вэ? Яг тэр хэмжээгээр чинь би Хүрэлсүхийг бас үзэн яддаг аа.
Чи энэ тэмцлийг эхлүүлээд, уриалаад, манлайлаад өгөөч ээ. Үүний тулд чи Канадаасаа ирмээр байна аа. Тэгвэл би яг энэ талбай дээр, олны өмнө Нямбаатар чиний номхон морины чинь ногт, догшин морины чинь чөдөр, сэлмийн чинь эр, жадны чинь үзүүр болоход бэлэн байна аа.
Чи Канадаас 'Baby Shark' үзээд системийн авлигатай тэмцэх боломжгүй ээ. Энд ирж тэмцэж байж, улаан нүүрээ харуулж байж, олныг уриалж байж тэмцдэг юм. Нямбаатар аа, хүрээд ир гэмээр байна.
Хэрвээ та хэд анзаарсан бол Х.Нямбаатар 'У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг би буухаас нь өмнө очиж магадгүй, дараа хэлье' гэсэн шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг буутал ирэхгүй л гэсэн үг шүү дээ."
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.