Франц Улсын 110 гаруй хотод 550,000 гаруй иргэн гудамжинд гарч жагсаж байна
Франц улс даяар оюутан, сурагчдаар удирдуулсан эсэргүүцлийн жагсаал эрчээ авч, засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн бүх нийтийн хөдөлгөөн болон хувирлаа.
2026 оны 10 дугаар сарын 17-ны амралтын өдрүүдэд тус улсын 110 гаруй хотод 550,000 гаруй иргэн гудамжинд гарч жагссанаас зөвхөн Парис хотод 110,000 орчим хүн цугларсан болохыг Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдээлэв.
Энэхүү хөдөлгөөн нь анх боловсролын салбарын төсвийн таналтыг эсэргүүцэж эхэлсэн боловч өдгөө амьжиргааны өртөг, инфляц болон ирэх оны төсвийн төслийг эсэргүүцсэн улс төрийн томоохон хямрал болон өргөжөөд байна.
Энэхүү эсэргүүцлийн давалгаа есдүгээр сарын дундуур Парисын захын Крейтей дүүргийн Сент-Экзюпери лицей сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаж, сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоосноор эхэлжээ.



Сурагчид болон багш нарын зүгээс боловсролын салбарын санхүүжилт хангалтгүй байгааг шүүмжилж, багш нарын хомсдол, нэг ангид 40 гаруй хүүхэд суралцаж буй хэт ачаалал, сургуулийн барилга байгууламжийн муудалтыг гол асуудал болгон тавьсан юм. Мөн зуны халууны үеэр анги танхимын температур тэсвэрлэхийн аргагүй болдог болон их дээд сургуулийн элсэлтийн тогтолцоо тодорхойгүй байгаа нь залуу үеийнхний бухимдлыг төрүүлж байна.
Оюутан залуусын эхлүүлсэн тэмцэл богино хугацаанд хүрээгээ тэлж, Парис, Тулуз, Монпелье зэрэг хотуудын томоохон их сургуулиуд үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Удалгүй энэхүү хөдөлгөөнд тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлүүд болон өмнө нь идэвхтэй байсан "Шар хантаазтнууд" нэгдсэн байна. Одоогийн байдлаар оюутнууд, багш нар, тээврийн салбарын ажилчид болон тэтгэвэрт гарагсдын эвсэл засгийн газрын 2027 оны төсвийн төслийг эрс эсэргүүцэж байна. Уг төсөлд 54 тэрбум еврогийн зардал танах, төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг хязгаарлах зэрэг заалтууд тусгагдсан нь иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
Жагсаал цуглаан өргөжихийн хэрээр цагдаагийн байгууллага болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн гарч, хүний эрхийн асуудал хөндөгдөх болов. 10 дугаар сарын 5-нд Ленс хотод болсон жагсаалын үеэр 15 настай хүү цагдаагийн дуу алдуулагч гранатад өртөж, гараа алдсан харамсалтай явдал гарсан нь хөдөлгөөнийг улам хурцатгасан юм.
НҮБ-ын Хүний эрхийн албанаас Францын цагдаа нар хүч хэтрүүлэн хэрэглэж байгаад санаа зовниж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Түүнчлэн 10 дугаар сарын 13-нд уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг Сен-Дени хотын сурагчидтай нэгдэж, залуусын ирээдүйг хулгайлж байна хэмээн мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа.
Үүсээд буй нөхцөл байдал Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргаанд томоохон сорилт болж байна. Ерөнхий сайд Себастьян Лекорню хүчирхийллийг буруушааж, хүүхдийнхээ учруулсан хохирлыг эцэг эхээр нь төлүүлэх, тэр дундаа нийгмийн халамжийн мөнгөнөөс нь суутгах хуулийн төсөл санаачилсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов.
2027 оны дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед олон нийтийн дургүйцэл улс төрийн хүчний харьцаанд нөлөөлж, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Марин Ле Пенд давуу тал олгож болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
Франц даяар үргэлжилж буй энэхүү хөдөлгөөн нь зөвхөн боловсролын салбарын асуудал биш, харин нийгмийн гүн гүнзгий бухимдал, эдийн засгийн тэгш бус байдлын илрэл болоод байна. Оюутны холбоод болон ажилчид 10 дугаар сарын сүүл хүртэл ажил хаялт, бүслэлтээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа тул нөхцөл байдал цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байна. Засгийн газар иргэдийнхээ шаардлагад хэрхэн хариу барихаас тус улсын улс төрийн ирээдүй ихээхэн хамаарах юм.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.