Нэр бүхий 5 гишүүнийг Г.Занданшатарын нэр төрд халдсан, албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар түүний өмгөөлөгчид АТГ-т хандлаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Ундрах-Эрдэнэ, П.Энх-Эрдэнэ нар Г.Занданшатарын нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ.

Өмгөөлөгчдийн зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна.

Өмгөөлөгч Г.Ундрах-Эрдэнэ:

-Салхитын мөнгөний орд нь 7-8 жилийн өмнө БНХАУ-ын иргэний эзэмшилд хууль бусаар очсон байсан бөгөөд үүнийг тойрсон маргаанд шүүх, хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд авлигын хэргээр холбогдож байсан түүхтэй. Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа тусгай ажиллагаа явуулж, уг ордыг төрийн мэдэлд авсан. 

Үүний үр дүнд 2020 онд тэтгэврийн зээлийг тэглэх боломж бүрдэж, өнөөдөр тус орд 'Эрдэнэс Монгол' нэгдлийн харьяанд 100 хувь төрийн өмчит компани болон үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл сүүлийн үед нэр бүхий сэтгүүлч уг үйл явдлыг 'төрийн дээрэм' мэтээр тайлбарласан худал контентыг хятад хэл дээр орчуулан олон улсад тарааж байгаа нь үндэслэлгүй гүтгэлэг юм.

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан мэдээлэл хийхдээ Г.Занданшатар болон ШШГЕГ-ын дарга Намсаманд нарыг уг ордуудыг хувьдаа ашиглах гэж байсан мэтээр ярьж төрийн индэр ашиглан ямар ч баримтгүйгээр гүтгэсэн. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг болон 143 хуудас бүхий танилцуулгад уг ордуудыг Улсын төсөвт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын журмаар сэргээн байгуулах, боржин чулууны экспортыг дотоодоосоо хангах зорилготой байсан нь баримтаар нотлогдож байгаа. 

Өмгөөлөгч П.Энх-Эрдэнэ:

-Нэр бүхий улс төрчдийн зүгээс Г.Занданшатарын нэр хүндэд халдаж буй үйлдлийг системтэй шинжтэй гэж үзэж байна.

Тэрбээр, "ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Д.Сайнзориг, Х.Булгантуяа нар өөрсдөд нь тулгарсан хуулийн асуудал болон улс төрийн нөхцөл байдлаа Г.Занданшатар руу чиглүүлж, түүнийг буруутгах замаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээл тарааж байна. 

Тухайлбал, С.Амарсайхан сайд Г.Занданшатарыг хар тамхины сүлжээ, картель үүсгэсэн мэтээр ямар ч баримтгүй схем зурж үзүүлсэн. Түүнчлэн, бусад гишүүдийн зүгээс өөрсдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа асуудлыг Г.Занданшатартай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого байж болзошгүй.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр асуудлыг шалгуулахаар АТГ-т албан ёсны өргөдөл, 200 гаруй хуудас баримт материалыг хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид иргэний журмаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа мэдэгдсэнээр мэдээллээ өндөрлүүлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.