Дээд лигийн хүснэгтийг Дархан Юнайтед болон Эс Жи Эйпс багууд тэргүүлж байна
Дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолтуудад Дархан Юнайтед болон Эс Жи Эйпс багууд хүснэгтийн эхний байруудад бичигдэж байна.
Үндэсний лигийн долоон тоглолтын дараах байдлаар Дархан Юнайтед, Эс Жи Эйпс зургаан хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж байна.
Аравдугаар сарын 17-ны өдөр болсон Омни Эрдэнэт Майнерс болон Дархан Юнайтед багуудын тоглолтод улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй байсан Дархан Юнайтед багийг Омни Эрдэнэт Майнерс 82-66 харьцаатайгаар буулган авч, тэдний цувралыг зогсоосон юм.
May be a graphic of text
Хүснэгтийн гуравдугаар байрт өнгөрсөн улирлын аварга Өмнөговийн Хүлэгүүд баг таван хожил, хоёр хожигдолтойгоор бичигдэж байна. Тэд аравдугаар сарын 18-нд Соно Бродерс багт 90-78 харьцаатайгаар хожигдол хүлээсэн юм . Түүнчлэн Эс Жи Эйпс баг СУА ТЛЖ Түшиг Багана багийг 90-80-аар буулган авснаар тэргүүлэгчдийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.
Хувийн үзүүлэлтээр Сүхбаатар аймаг ТЛЖ Түшиг Багана багийн легионер тоглогч Аким Спрингс дунджаар 35.0 оноо авч лигийг тэргүүлж байгаа бол Хаан Фалконс багийн Байрон Уэсли 31.7 оноотойгоор удаалж байна.
Самбараас бөмбөг авалтын төрөлд Дархан Юнайтед багийн Жон Хагли 12 самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байгаа бол оновчтой дамжуулалтын үзүүлэлтийг Би Си Эйч Найтс багийн Кендалл Смит 8.3 дамжуулалтаар тэргүүлсээр байна.
Ирэх өдрүүдэд хүснэгтийн дээд хэсэгт бичигдэж буй Дархан Юнайтед баг Өмнөговийн Хүлэгүүд, Эс Жи Эйпс багуудтай дараалан тоглох тоглолт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Энэхүү тоглолтын үр дүн хүснэгтийн тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх юм.
М Банк Аренад болж буй тоглолтуудад үзэгчид хоосон байгаа нь үзэгчдийн дунд шүүмжлэл дагуулаад байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.