Сэтгүүлч Б.Пүрэв: МЕДИА КАРТЕЛ-ийн тухай...
Сэтгүүлч Б.Пүрэв сэтгүүлзүйн салбарт үүссэн асуудлыг хөндөж, "Медиа картелийн тухай" бичжээ.
Тэрээр,
-Миний хувьд "Медиа картел" гэх ойлголт Арилжааны 18 телевизээс эхлэлтэй гэж боддог. Картелийн нэрийг "Монголын телевизүүдийн холбоо" гэнэ. Мэдээж өмнө нь том, жижиг медиа фракц, бүлэглэл зөндөө байсан байх. Гэхдээ төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн медиа картел гэх үү хонгил гэх үү зүйл нь энэ юм.
Эдгээр 18 телевизийн эзэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс. Ганцхан жишээ гэхэд одоогийн Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий телевиз энэ дунд бий.
Тэд бүлэглэж, лоббидож байгаад "ХАМГИЙН ТОМ ХААЛТЫН ГЭРЭЭ"-г төртэй хийж чадсан. Тэр нь "Өргөн нэвтрүүлгийн тухай" хууль. Энэ хуулиар хувийн 18 телевизэд айл бүр, сар болгон "хураамж" төлөхөөр болсон. Албан татвар шиг авдаг болгосон.
Хариуд нь картел "Данхын дэглэм"-ийг хамгаалсан. "Данхын дэглэм"-ийн гол пропагандист Хэрогийн командаар тэд ажилласан. Мэдээллийн урсгал, Карантин 14, Улаанбаатараас ярьж байна гэх мэт үзэл суртлын томоохон ажиллагаануудыг дээрх 18 телевизээр явуулсан. Дээр нь нэмээд өдөр тутмын мэдээлэл орно.
Хэвлэл мэдээллийн хамгийн хүчтэй хэрэгслээр олон нийтийн санаа бодлыг "атгачихсан" учраас дуртай хуулиа батлуулж, дуртай сонгуульдаа ялж байв. Хариуд нь картел төрийн ивээлд томорч, олигополь болов. Энэ талаар би "Төрөөс зарим хэвлэл мэдээллийн байгууллагад олгож буй давуу байдалд хийсэн шинжилгээ" гээд судалгааны ажилдаа тодорхой дурдсан байгаа.
Ер нь энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад, УИХ-ын нийтийн өргөдөл санаачлаад, олон нийтэд мэдэгдээд бараагүй л дээ. Иймд ядаж судалгааны эргэлтэнд оруулаад үлдээе гэж бодсон юм.
Одоо харин медиа салбарын асуудал яригдаж байгаа дээр бүлэглэлд зориулсан ӨНТХ хуульд өөрчлөлт оруулаасай гэж хүсэж байна.
"Данх" огцорсон ч картел татан буугдаагүй. Тэд "ялсан нам манай нам" гэдэг зарчмаар цаашид ажиллана. Тэднийг нэгтгэдэг тэр гайтай хуульд өөрчлөлт оруулахгүй л бол картел ноёлсоор байна. Тэд асар их хүчтэй бас аюултай. Төрийг рэкетлэж байгаад юу хүссэнээ хийлгэж чадна. Монголын ардчиллын эсрэг ямар ч компанит ажил өрнүүлж мэднэ.
Бас нэг аюултай юм нь "Арилжааны 18" телевизийг даган дуурайх хандлага. Ийм бүлэглэл байгуулж болох юм байна гэдэг нөлөөлөл. Үүнийг юу гэж нэрлэвэл дээр вэ? "Медиа картел эффект" гэх үү, "18-ын синдром" гэх үү бүү мэд. Ямар ч байсан ийм эффект бий болчихлоо.
Энэ их хортой. Улс төрийн нам, бүлэглэл, фракциуд өөр хоорондоо үзэлцэхдээ медиаг багцаар нь, бөөнөөр нь худалдаж авдаг болно. Бүр савнаасаа халиад гадаад улс эсвэл гадны корпораци "медиа багц" захиалж, манай дотоод хэрэгт гар дүрдэг болохыг ч үгүйсгэхгүй. Орчин цагийн үзэл суртлын аппарат эсвэл хэлмэгдүүлэлтийн хонгил болж мэднэ.
Ер нь медиа ийм коммунист шинжтэй байж болохгүй. Бие даасан, хараат бус, чөлөөт байх ёстой. Бүлэглэл зохихгүй салбар. Нийлчихээд төр, ард түмнээ рэкетлээд, зандалчлаад байвал "медиа дарангуйлал" тогтоно! Тиймээс картелиуд бий болохоос сэргийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.