2027 оны улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн төсөвт 60 гаруй тэрбум, байрны түрээсийн зардалд 100 гаруй тэрбум төгрөг тусгагдсан зэргийг хэмнэх боломжтой

 

      2027 оны улсын төсвийн төслөөс УИХ-ын гишүүдийн төсөвт 60 гаруй тэрбум, байрны түрээсийн зардалд 100 гаруй тэрбум төгрөг тусгагдсан зэргийг хэмнэх боломжтой

   2027 оны улсын төсвийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг УИХ-аар чуулганаар хэлэлцэж байна. Энэ удаагийн улсын төсвийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, 43.6 их наяд төгрөгийн зарлага, алдагдал 2.3 их наяд төгрөг, урсгал зардал 33.6 их наяд төгрөг байхаар тусгасан. Жил жилийн төсвийн төслүүдийн адилаар өмнөх жилүүдээс илүү тэлэлттэй төсөв болсон байна. Өмнөх жилүүдээс ялгарах гол онцлог нь Оюутолгойн ногдол ашгийн орлого болох 3 их наяд төгрөгийг төсөвт тусгасан нь юм. Олон улсын хүндхэн нөхцөл байдал, шатахууны нийлүүлэлт зэргээс өнөөдөр инфляцийн өсөлт анхаарах чухал асуудал болсон энэ үед тодорхой бус төслүүд, бүтээн байгуулалт, авто замын төслүүд, хэмнэж болох зардлууд , тэр дундаа УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын зардлын асуудал шүүмжлэл хүртэж байна. Мөн 2027 оны төсөвт ҮАГ-ын өгсөн дүгнэлтээр зарлагын огцом өсөлт, нийт зарлага өмнөх оноос 10,6 их наяд төгрөгөөр нэмэгдэж инфляцад дарамт үүсгэнэ, мөн 21 орчим тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж дүгнэсэн. Мөн уул уурхайгаас ихэнх орлогоо бүрдүүлснээр гадаад зах зээлээс хамааран буурах, зарим импортын барааны татварыг тэгэлсэн нь төсвийн орлогыг бууруулах эрсдэлтэй байна. 

2027 оны улсын төсвийн төсөл дэх мэргэжилтгүүдийн байр суурийг хүргэж байна. Өнөөдөр ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамын байр суурийг хүргэж байна. Тэрээр гадаад зах зээлээс хамаарсан энэ үед төсвийн тэлэлт нь инфляцийг нэмэгдүүлэх эрсэлтэйг анхаарахыг сануулж байна. Мө төсвийн хуулийг зөрчсөн төслүүд, төрийн байгууллагуудын хэмнэж болох зардлуудыг шүүмжилж байна. 

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам:

-2027 оны төсөвт анхаарах асуудал:

Улсын төсвийн зарлага 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нэлээд тэлэлттэй орж ирлээ. Олон улсын хурцадмал байдал, эрчим хүч болон шатахууны нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалж инфляц өсөх, эдийн засагт шок үүсэх эрсдэл өндөр байна. Ийм нөхцөлд зардлыг хэт тэлэхээс илүүтэй хуримтлал үүсгэж, болзошгүй эрсдэлд бэлтгэх төлөвлөлтийг чухалчлах шаардлагатай. Төсвийн тэлэлт нь инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй тул мөнгөний бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй. Монголбанктай зөвлөлдөж, инфляцыг тогтвортой түвшинд барих чиглэлээр төсөв, мөнгөний бодлогын нэгдмэл байдлыг хангах хэрэгтэй байна.

-Тодорхой бус зардлууд ба төрийн байгууллагуудын зардлыг хэмнэх боломжтой:

Хөрөнгө оруулалтын зардлын тухайд Оюутолгойн ногдол ашгаас санхүүжих төслүүд болон соёлын төв, иргэдэд үйлчлэх барилга байгууламжууд олноор тусгагджээ. Гэвч эдгээр төслийн хүчин чадал, үр ашгийн тооцоо тодорхой бус байна. Жишээлбэл, авто замын төслүүдийн урт, байршил нь тодорхойгүй, зураг төсөвгүй төслүүд олноор багтсан нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгааг Үндэсний аудитын газраас анхааруулсан.

Цаашид УИХ-ын гишүүдийн саналаар нэмэгдэж буй төслүүдэд зураг төсөл, ТЭЗҮ, газрын зөвшөөрөл зэргийг үндэслэн шуурхай дүн шинжилгээ хийдэг зохицуулалт шаардлагатай. Урсгал зардлын тэлэлтэд онцгой анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн төсөвт 60 гаруй тэрбум, байрны түрээсийн зардалд 100 гаруй тэрбум төгрөг тусгагдсан байна. Төрийн байгууллагууд өөрийн байраа хямд түрээслүүлчхээд, өөрсдөө өндөр үнэтэй оффис түрээсэлдэг асуудлыг цэгцэлж, зардлыг хэмнэх нөөц боломжийг ашиглах нь зүйтэй. 

-Хөрөнгө оруулалт, төслүүд:

Мөн Евроазийн хөгжлийн банканд нэгдэхтэй холбоотой 1.68 тэрбум төгрөгийн зардлыг эргэж харах шаардлагатай. Төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөгөөр тооцож, түүнийг дотоодын үнэт цаас гаргах замаар нөхөхөөр төлөвлөсөн нь ирээдүйд зээлийн хүүгийн төлбөрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Одоогийн байдлаар зээлийн үйлчилгээний төлбөрт 1.5 их наяд төгрөг зарцуулж байгаа тул төсвийг аль болох алдагдалгүй батлах нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал юм. Орон нутгийн төсөв болон Засгийн газрын өрийн баталгааны асуудал анхаарал татаж байна.

Нийслэлийн "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтад зориулсан 500 сая долларын бондын хугацаа сунаж, дахин санхүүжилт шаардагдаж байгаа нь төслийн бэлтгэл ажил хангагдаагүйг харуулж байна. Орон нутаг бонд гаргахдаа төслийн бэлэн байдал, эргэн төлөлтийн бодит тооцоог нарийн хянаж байж зөвшөөрөл олгохгүй бол улсын төсөвт ирэх өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй. 

-Төсвийн тухай хуулийг зөрчсөн төслүүдэд хариуцлагын тогтолцоо тодорхой бус байгаа тул зураг төсөлгүй, тодорхойгүй шаардлага хангахгүй төслүүд байсаар байна:

 Төсвийн хариуцлагын механизмыг оновчтой болгох шаардлагатай байна. Одоогийн хуулиар зөвхөн албан тушаалаас чөлөөлөх зохицуулалт байгаагаас бус, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх заалт дутмаг байна. Зураг төсөлгүй, бэлтгэл ажил хангагдаагүй төслүүдийг төсөвт тусгаж, хөрөнгө үргүй зарцуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй. 

-Бодит хөрөнгө оруулалтууд хэрэгтэй, орлого буурах эрсдэл бий:

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь инфляцийг хөөрөгдөж, хувийн хэвшлийн цалингийн зардалд дарамт учруулах талтай. Тиймээс үргүй зардлуудаа танаж, нийгэм, эдийн засгийн бодит үр ашигтай салбарт хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн цахилгаан автомашины импортын татварын хөнгөлөлт зэрэг нь төсвийн орлогыг бууруулах тул эдгээр шийдвэрийг олон талаас нь нухацтай авч үзэх шаардлагатай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.