Ц.Баатархүү: Иргэд газраа авч чадаагүйдээ биш хамгийн гол нь шударга бус байгаад бухимдаад байна шүү дээ!
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Газар олголтын сонсгол хийх тогтоол санаачилсан ч УИХ дээр дэмжигдээгүй юм. Харин тэрээр асуулга тавьж, хууль бус газар олголт, шударга бус байдлыг хөнджээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Иргэдийн бухимдлын гол шалтгаан нь газар өмчилж чадаагүйдээ бус, харин энэ үйл явц шударга бус, хаалттай байгаад бухимдаад байна. Нүдэн дээр нь газрыг хашаалж, зарим хүмүүс олон тооны газар авч байхад энгийн иргэдэд олдохгүй байгаа нь ил тод байдал дутагдаж буйн илрэл юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 23 жил болж байна. 2028 оны 5 дугаар сарын 1-нд хуулийн үйлчлэх хугацаа дуусах гэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нийт хүн амын ердөө 20 хувь нь л газраа өмчилж авсан байна.
Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын дөрөв нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй байна. Энгийн иргэн өөрт оногдох 0.07 га газраа авч чадахгүй байхад зарим хүмүүс 10, 20, бүр 100-аар нь авсан байгааг салбарын сайд нь ч хүлээн зөвшөөрч байна.
Үе үеийн Засгийн газар иргэдийг өмчтэй болгох ажилд маш хойрго хандаж, хуулийн хэрэгжилтийг хангаж чадаагүй нь хариуцлагагүй үйлдэл юм. Хориотой бүсэд хороолол босож, Улаанбаатар хотыг тойрсон 26 уулын аманд бетонон ширэнгэ үүсэж, өндөр хаус хорооллууд баригдаж байна. Иргэд ууландаа алхаж, гол усандаа очих боломжгүй болтлоо хууль илэрхий зөрчигдөж байхад төр засаг дуугүй байгаа нь туйлын харамсалтай.
Одоо УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэн тэргүүнд, иргэдийн эзэмшиж байгаа, хашаагаа барьсан 114 мянган нэгж талбарыг шууд өмчлүүлэх хэрэгтэй.
Айл өрхүүд тэндээ олон жил амьдарч байхад өмчлөлийг нь удаашруулах үндэслэл байхгүй. Мөн тусгай хамгаалалттай бүс, уулын ам, усны сав газарт олгогдсон газруудад яаралтай тооллого явуулж, төлөвлөгөөний дагуу өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Жил бүр төлөвлөсөн талбайнхаа ердөө гуравны нэгийг өмчлүүлж байгаа агентлагийн үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.