С.Магнайсүрэн: 2027 оны төсөвт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд (2026.09.26) Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа.
Төрийн аудитын байгууллагаас Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргахдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлага, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг шалгуурыг үндэслэл болгожээ.
2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41 их наяд 280 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийг 43 их наяд 586 тэрбум төгрөг, төсвийн алдагдлыг 2 их наяд 306 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн байна.
Аудитын дүгнэлтээр 2027 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловч төсвийн зарлагын өсөлт, орлогын эх үүсвэрийн хамаарал, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй холбоотой эрсдэлүүд байгааг онцоллоо.
Тухайлбал, төсвийн орлогын өсөлтөд уул уурхайн салбар болон төрийн өмчит компаниудын ногдол ашиг өндөр нөлөөтэй байгаа нь гадаад зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсан юм.

Мөн 2027 оны төсвийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах санал өргөн мэдүүлсэн нь төсвийн тогтвортой байдлын зарчим, дунд хугацааны төлөвлөлтийн ач холбогдолд сөргөөр нөлөөлж байгааг аудитын дүгнэлтэд дурджээ.
Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн байна. Үүнд төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэйг Төрийн аудитын байгууллага анхаарууллаа.
Түүнчлэн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй, хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлттэй уялдаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж дүгнэлээ.
Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хувьд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээний 94.1 хувьд зардал, үр ашиг, үр дүнгийн шинжилгээ хийсэн. Гэвч тооцоолол нь бүрэн, бодитой бус, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхойгүй байгааг аудитын дүгнэлтэд мөн тусгажээ.
Энэ нь төсөл, арга хэмжээг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, нэн тэргүүнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг оновчтой сонгох боломжийг хязгаарлаж байна.
Мөн барилга байгууламж, их засварын ажлын төсөвт өртгийг баталгаажсан зураг төсөвт үндэслэн төлөвлөхгүй байх, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага, бодит өртгийг суурь судалгаанд тулгуурлан тооцохгүй байх зэрэг асуудал давтагдаж байгааг онцолсон юм.
Түүнчлэн үр дүнд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэдий ч төсвийг өмнөх жилийн гүйцэтгэлд тулгуурлан өсөн нэмэгдэх байдлаар төлөвлөдөг уламжлалт арга барил хэвээр байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.