Б.Заяабал: ОУВС-аас ойрын жилүүдэд зэсийн үнэ унах эрсдэлтэй байгааг анхааруулсан
Олон улсын валютын сан (ОУВС) гишүүн орнууддаа жилд хоёр удаа эдийн засгийн нөхцөл байдал, төсөв болон мөнгөний бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг. Энэхүү уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал мэдээлэл өглөө.
Тэрбээр,
-ОУВС гишүүн орнуудынхаа эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх нь тухайн улсын сонголт боловч мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор ийм багийг жилд хоёр удаа ажиллуулдаг юм. Өнгөрсөн хавар мөн ийм уулзалт болж байсан.
ОУВС-ийн төлөөлөгчид дэлхий дахинд дайны нөхцөл байдлаас шалтгаалсан тогтворгүй, тодорхойгүй байдал үргэлжилж байгааг онцоллоо.
Энэ нь эрчим хүч, шатахууны үнийг өсгөж, хомсдол үүсгэн, улс орнуудын инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэйг сануулсан. Тиймээс манай улсад мөнгөний хатуу бодлого баримталж, бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн.
Мөн олон улсын зах зээл дэх хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжил ирэх жилээс бага зэрэг саарах төлөвтэй байна. Үүнийг дагаад зарим металлын үнэ, тэр дундаа зэсийн ханш буурах магадлалтайг олон улсын ашигт малтмалын зах зээлийн төлөв байдалд үндэслэн анхаарууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөөлөл, төсвийн тэлэлт, мөнгөний бодлогын уялдааг хэлэлцсэн байна. Сангийн бодлого тэлж байгаа энэ үед Төв банк хараат бусаар шийдвэр гаргаж, мөнгөний хатуу бодлогоо хэрэгжүүлэх боломжтой эсэх, мөн Төв банкны тухай хуулийн шинэчлэлийн явцын талаар санал солилцжээ.
Төсвийн тэлэлттэй холбоотойгоор ОУВС-аас нэг л зүйлийг удаа дараа анхааруулж байгааг Б.Заяабал дарга онцоллоо.
Тэрбээр,
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамаарах хамаарал улам бүр нэмэгдэж байна. Төсвийн зарлага, тэр дундаа цалин хөлсний зардал нэмэгдэж байгаа нь эргээд буурдаггүй зардал тул эрсдэлтэй.
Эдийн засгийн суурь нь уул уурхай дээр тогтож байгаа үед бүтээгдэхүүний үнэ өндөр байхад асуудлыг шийдээд явж болдог. Харин үнэ унавал төсвийн зардлаа санхүүжүүлж чадахгүй хүндрэлд орно. Тиймээс бодлогоо зөв уялдуулж явахыг өмнө нь ч сануулсан, одоо ч хэлж байна, гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.