Р.Содхүү: ХАА-н салбарт дэмжлэг өгч байгаа нь сайшаалтай ч ямар ч хяналт алга
Хөдөө аж ахунй салбарт 2018 оноос хойш төрөөс олгож буй зээл, дэмжлэгийн талаарх хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр бид Монголын тариалангийн бүс нутгийн тариаланчдын холбооны тэргүүн Р.Содхүүгээс байр суурийг нь тодрууллаа.
Р.Содхүү:
-Нийгмийн хамгааллын асуудлаар олон зүйл яригддаг ч хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт очиж буй дэмжлэгийг хэт их байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл юм. "Хүнстэй хүн амьд үлдэж, алттай хүн үхдэг" гэдэгчлэн хөдөө аж ахуй бол улс орны оршин тогтнох үндэс буюу хүнсний аюулгүй байдал юм.
Монголчууд бид малтай, тариалантай байж л идэх хоол, өмсөх хувцастай байна. Тиймээс дэлхийн улс орнууд хөдөө аж ахуйн салбараа татаас, урамшууллаар тогтмол дэмждэг. Энэ нь ард иргэдээ хүнсээр тасалдуулахгүй байх төрийн бодлого.
Манай орны хувьд газар тариалан эрхлэхэд байгаль цаг уурын нөхцөл нэн хүнд, эрс тэс уур амьсгалтай. Карл Марксын онолоор бол үржил шимтэй, дулаан бүс нутагт тарьсан улаан буудай болон манайх шиг тачир хөрсөнд ургасан тарианы өртөг, өгөөж асар их зөрүүтэй байдаг. Бага ургац авч, алдагдал хүлээх эрсдэлтэй ийм нөхцөлд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс татаас, урамшуулал олгох нь зүй ёсны хэрэг юм.
Өнөөдөр улаан буудай, төмс, хүнсний ногооны салбарт тодорхой хэмжээний дэмжлэг очиж байгаа ч үр дүн нь хангалтгүй байна. Үр дүн гарахгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн бодлогын тогтворгүй байдал юм.
Нэг гараараа дэмжлэг өгч байгаа мэт боловч нөгөө гараараа гурилын импортын татварыг тэглэх зэргээр дотоодын тариаланчдаа боомилж байна. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ унагааж буй хэрэг.
Нөгөө талаас, төрийн дэмжлэг зорилтот бүлэгтээ буюу жижиг аж ахуйн нэгж, ногоочид, малчдад хүрч чадахгүй байна. Дунд нь монополь компаниуд болон явцуу ашиг сонирхолтой хүмүүс саад болж, хөдөө аж ахуйг дэмжих зээл нь зориулалтын бусаар буюу тансаг хэрэглээ, барилга байгууламж болон хувирч байна.
Би Мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдаж байсан хүний хувьд хатуухан хэлэхэд, энэ бүх замбараагүй байдал тус байгууллагыг татан буулгаснаас үүдэлтэй. Төрийн хяналтгүй болсноор нийгэмд ёс суртахуунгүй, шунахай хандлага газар авч, тариаланч, малчдад очих ёстой хөрөнгийг дундаас нь хулгайлах боломж бүрдсэн.
Өмнө нь банкны зээлийн зарцуулалтыг хүртэл хянадаг байсан бол одоо тийм тогтолцоо алга. Мэргэжлийн хяналтыг татан буулгасан нь эрх мэдэлтнүүд ард түмний хөрөнгөнөөс чөлөөтэй хулгай хийх нөхцөлийг л бүрдүүлсэн.
Хяналтын тогтолцоог сэргээхгүйгээр хэчнээн их дэмжлэг яриад эзэндээ очихгүй, үр дүн гарахгүй.
Өнөөдөр бид хэчнээн яриад ч хяналтгүй системд хэн нэгэнд хариуцлага тооцож, итгэл хүлээлгэх боломжгүй болсон нь нүцгэн үнэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.