АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг юм.
Түүнчлэн АХБ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах, хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх зэрэгт зориулан 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт болон “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг тус тус батлаад байна.
АХБ нь мөн энэ оны 3-р сард Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан олгосон юм. Мөн онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах болон оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах; хүнсний аюулгүй байдлыг хангах; гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий нийт 3 техник туслалцааны төслийг тус тус батлаад байна.
АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулсан 70 сая ам.долларын санхүүжилт болон төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилтүүдийг батлахаар ажиллаж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт хэт ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.