Сонгуулийн үр дүнтэй та бүхэн баяртайгаар санал нэгдэж байна уу, эсвэл заа арай ч дээ хэмээн харамсан хүлээн авч байна уу? Заа тэгээд аль ч хувилбараар нь хүлээж авсан ч энэ бол бидний байгаа л царай. Өглөө босоод толинд л өөрийгөө харж байна аа л гэсэн үг. Үүнээс цааш газар үгүй.
Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн 2-р байрын тавцангаас арчигдаж байна. Эцсийн дүндээ иргэд бидэнд, манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй.
1989 оны өвөл, 1990 оны хавар Сүхбаатарын талбайд, цаашлаад улс даяар Ардчиллыг хүсч жагссан Монголчууд Ардчилалд итгэл алдарсан хэрэг огтхон ч биш ээ. Ардчилсан нам бол нийтлэг үзэл, нэгдмэл зорилгын төлөөх улс төрийн нам биш болсон. Харин сүнсээ ч худалдаад хамаагүй намын гишүүдийн итгэл найдвар, хөдөлмөр зүтгэлийн хумхын тоос чинээ санадаг үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэх зорилготой улс төрчдийн дээд, дунд, доод түвшний клуб, эсхүл төрийн институцууд, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлын нэгдэл болж, өндөр дээд түвшний авилгын сүлжээ, мафийн тогтолцооны шинж чанартай болсон.Тиймээс Ардчилсан нам эхлээд нам шиг нам болох ёстой.
ҮЕ ХООРОНДЫН ШИНЭЧЛЭЛ
1989 оноос өнөөдрийг хүртэл Ардчиллын алтан хараацай гэгдэж, Монгол Улсын бүхий л өндөр дээд албан тушаалуудад томилогдож, одоо ч цөхрөлтгүй улайрсаар байгаа “ах нар” маань өөрсдөө хөгжлийн хамгийн том саад болж байгаа гэдгээ ухамсарлаж байгаа болов уу?
Энгийнээр хэлвэл МАН улстөрийн үе шилжилтийг сүүлийн 31 жилийн хугацаанд 9 дэх үеэ бэлтгэн маш бодитойгоор гаргаж ирж байна. Өнөөдөр эрх барьж байгаа намын удирдлагууд бүгд 1980 оны төлөөлөл байгаа бол дунд шатны удирдлагууд нь 1990 оноос хойш төрсөн залуучуудаар бүрдүүлж. МАН-ын хамгийн гол гурван ч газрын дарга нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байх жишээтэй.
Гэтэл манай намын дарга нь С.Эрдэнэ ч юм шиг О.Цогтгэрэл ч юм уу М.Тулгат бас дарга нь ч юм шиг… Мэдэхгүй ээ, мэдэхгүй яг юу болоод байгаа юм гэдэг л зүйл болж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бүүр байхгүй, газар хэлтсийн дарга нь нар тогтвортой биш. Дунд шатны намын дарга, ХЭГ-ын даргыг ярих юм бол жилд хэд ч солигдоод байгаа юм ёстой бүү мэд. Одоо болсон, удирдлага гэх хүмүүс бүгд хариуцлагаа хүлээх ёстой! Хүний нөөц, гишүүнчлэлийн асуудал бүр таг мартагдсан. Манай намд залуус элсэх байтугай дайжих болсон. Ардчилсан намын гишүүд бид өдрөөс өдөрт хувьсан хөгжиж байгаа дэлхий нийт, үе хоорондын шилжилттэй хөл нийлүүлж, Ардчилсан нам өөрөө үе хоорондын шинэчлэлийг одоо л хийх ёстой. Улстөрийн сүүлд зохион байгуулсан хоёр ч сонгуулийг ах нар чинь хувийн эрх ашгийнхаа төлөө зараад идчихлээ.
Бизнес эрхлэгч хүн бохь эсвэл чихэр заран худалдаа хийж ашиг орлого олдог бол манай намын үүсгэн байгууллагч ах нар маань намаа зарж цөм ашигтай бизнес хийж байна. Тийм болохоор үзэл санаанаасаа урвагадаг урвагчдаасаа салья.
1990 оны энэ ах нарын оронд 1990 онд төрсөн залуучуудыг намын удирдлагад гаргаж байж холдуулах юм байна.
АРД ТҮМНЭЭ НЭГ ХАРААЧ!
“Ямар ард түмэн байна, тийм төр байна!” гэдэг аффоризмыг Ф.М.Достоевский хэлэхдээ ард түмний сонголтоор сонгогдон зохион байгуулагддаг төрийн тухай хэлсэн болов уу? Ямартай ч тухайн ард түмний ямар нэгэн нөлөө, оролцоогоор байгуулагддаг тийм төрийн тухай хэлсэн биз. Харин Монголд улс төрчид, нийтлэлчдийн амны зугаа, чихний баясгалан болсон энэ аффоризм ихэд дэлгэрэн тарахдаа ард түмний боловсрол, мэдлэг тааруу, өөрөөр хэлбэл мунхаг, галзуу ард түмэн учраас сонгуулиар мунхаг, галзуу улс төрчдийг сонгож гаргадаг гэдэг хоёрдмол утгагүй тайлбар ойлгогдох болсон юм.
Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бугшсан асуудлуудыг тайлбарлахад хэтэрхий амархан, бас гэнэн логик бус уу? Гэтэл Монгол Улсын төр өөрөө ашиг сонирхолын бүлгүүдэд “барьцаалагдсан” ба тэдний зөрчил тэмцлийн хийгээд ашиг хонжооны мөлжлөгийн талбар болсон учраас сонгуулиар нэр дэвшигчдийн жагсаалтанд зөвхөн тэдний шалгарсан манлай төлөөлөл орохоос өөр хэн ч орох боломжгүй гэдгийг тэд эс мэднэ гэж үү?
БИД ХУДГИЙН МЭЛХИЙ ЮУ? ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ УУ?
1990 оны Ардчилсан хувьсгалын гол ололтыг хүний эрх, эрх чөлөө, төр засгийг шүүмжлэх эрх чөлөө гэж үздэг. Гэвч ядуурал, ажилгүйдэл, амьдралын баталгаагүй болсон нийтийн шүүмжлэлийг чухам тийм болгосон дээд давхарга буюу нам, төр нь хэзээ ч хүлээж авахгүй, бас үйл ажиллагаандаа тусгахгүй нь логикийн хувьд, бас системийн хувьд мэдээж гэдгийг бид 30 жил харлаа. Зүйрлэвэл гүнзгий худаг дотор байгаа хүн худгийн амсар дээр зогсч байгаа нэгнийг худаг дотроосоо шүүмжилж, тэр ч байтугай, бүдүүлгээр хэлэхэд доромжилж болно. Гэхдээ худгаасаа гарч чадахгүй нөхцөлд түүний энэ үйлдэл нь юуг ч өөрчилж чадахгүй, бас юунд ч нөлөөлөх боломжгүй, ердөө л худаг доторх утга учиргүй тэнэг үйлдэл болох бус уу? Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юу, хөгжлийн манлайлагч уу гэдгээ өөрсдөө сонгох цаг одоо л ирлээ. Учир нь үүнээс цааш газар Бидэнд үгүй.
Заа, яах вэ тэгээд хэдүүлээ зүгээр хараад л суугаад байх уу?
Ардчилсан намын гишүүн Өлзийхүүгийн Шижир