“АЙРАГ ФЕСТИВАЛЬ – 2024”-Д ДОТООДЫН САВ, БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр ээлжит чуулганаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргаж, Монгол Улсаас тус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв болсон билээ.
Монголчууд олон мянган жилийн турш өвлөн уламжилж, хадгалж ирсэн өв уламжлалаа хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Айраг фестиваль – 2024” үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт зохион байгууллаа.
Тус арга үйл ажиллагааг анх санаачлан зохион байгуулснаас хойш өдгөө 15 дах жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Айраг фестиваль – 2024” 15 дахь удаагийн үйл ажиллагааны хүрээнд айраг, сүү, цагаан идээний сав суулганы үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн Б.Болдбаатар иргэдэд хуванцар савны зөв хэрэглээний талаар мэдээлэл, танилцуулга хийж, хүнсний зориулалтын болон зориулалтын бус савны ялгаа, хэрхэн зөв ашиглах, талаар сурталчлан ажиллав. Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний зориулалтын хуванцар болон ган сав үйлдвэрлэгч 4 аж ахуйн нэгж нийт 10 гаруй нэр төрлийн 1600 гаруй ширхэг бүтээгдэхүүнээр оролцож, 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. Ингэснээр орон нутгийн иргэдийг хүнсний зориулалтын айраг, сүү цагаан идээ хийх, хадгалах, тээвэрлэх канистр, саваар хангаж, цаашид эдгээр айл өрхүүд хүнсний зориулалтын, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сав суулгыг өдөр тутамдаа хэрэглэх боломж бүрдсэн үйл ажиллагаа боллоо.