Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр гишүүн Д.Баттөмөрийн асуултад хариулахдаа “Өнөөдрийн хувьд гадаад, дотоодод ч сорилттой байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид Шинэ сэргэлтийн бодлого хэмээн эдийн засгийн төрөлжсөн бодлогыг УИХ-аар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.
Бидний маш сайн анхаарах ёстой зүйл бол төлбөрийн тэнцэл. Манай улс ерөөсөө нүүрс, зэс гэдэг хоёрхон бүтээгдэхүүн, дээрээс нь алт, төмрийн хүдэр гэсэн дөрөвхөн бүтээгдэхүүнээ экспортолж, валют олдог. Нефтэд 1.7 тэрбум, хүнс, барилгын материалд тус бүр нэг тэрбум ам.доллар , автомашинд 600-700 сая ам.доллар, эрүүл мэнд болон боловсрол, бусад үйлчилгээнд жил бүр 400 сая ам.доллар эрчим хүчинд 180 орчим сая ам.доллар архи тамхи, бусад хэрэглээнд 100 орчим сая ам.долларыг алдчихаж байна. Тэгэхээр бид эдийн засгийн хувьд яаж энэ бодлогыг тогтвортой буюу 6-8 хувьтай байлгах вэ, яаж инфляцыг нэг оронтой тоонд тогтвортой байлгах вэ, яаж бид импортыг оруулж, өөрсдөө аж үйлдвэржилтээ дэмжих вэ, яаж бид экспортоо дээр дурдсан дөрвөн бүтээгдэхүүн бус уул уурхайн бусад бүтээгдэхүүнээ дэмжиж, баланстай байлгах вэ гэдэг л бидний гол зорилт” гэлээ.